
УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас “Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулга”-ын хариуг чуулганы хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өглөө. Манай улсад анх 1992 онд Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш энэ оны эхний 11 сарын байдлаар 83 тохиолдол бүртгэгдээд байгаагийн бүх тохиолдол нь бэлгийн замаар дамжсан, халдварын тохиолдлын 65.3 хувь 2007 оноос хойш оношлогдсон байна. Халдвар авсан хүмүүсийн 24 нь гадаад ажиллаж амьдарч байсан бол дөрөв нь гадаад орноос манай улсад түр оршин сууж байсан иргэдээс халдвар авсан нь тогтоогдсоныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулгадаа дурьдав. Мөн халдвар авагсдыг насны хувьд ангилж үзэхэд тав нь 15-19, 15 нь 20-24, 24 нь 25-29, 12 нь 30-34, 13 нь 35-39, 12 нь 40-45, нэг нь 45-50 хүртэлх насны хүмүүс байгаа, халдвартай таван эхээс төрсөн таван хүүхэд халдваргүй амьдарч байгааг хэллээ. Мөн тэрээр “Манайх ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд орж байгаа боловч хэрэгжүүлж буй арга хэмжээг бууруулахгүй” гэсэн бөгөөд ХДХВ-ийн талаар гарсан статистик мэдээнээс цаашдын төлөвлөгөөг боловсруулан гаргах боломжтой гэлээ. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны зүгээс “ХДХВ-ийн эсрэг Үндэсний стратегийг бий болгосон. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХДХВ-ийн удирдамжийг баталсан. Глобал сан болон олон улсын байгууллагуудтай хамтран шинжилгээ хийх боломжийг бий болгосон зэрэг дэвшилттэй зүйл олон гарсан” гэсэн байна.
Б.ЭНХ