”Х.Тэмүүжин Ардчилсан намаас шахагдаж болно”

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

”Х.Тэмүүжин Ардчилсан намаас шахагдаж болно”

2012 оны сонгуулиар Ардчилсан намд ч хохиролтой тусч болно. Гэвч сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх нь улс оронд хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихлээ. Үүгээр яг ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт шаардлагатай болсон тухай бид сүүлийн хэдэн жил ярьсан. Гэвч үүнд чухам юуг нь өөрчлөх, өөрчлөхгүй, өөрчлөхийн тулд ямар шалгуурууд байх ёстой, хуулиа яаж өргөн барьж, яаж, ямар хугацаанд хэлэлцүүлэх гэдэг процедурыг нарийн зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол 2000 онд хийсэн өөрчлөлт шиг бараг хоёр цагийн дотор хэлэлцээд өөрчилчихөж болохгүй шүү дээ. Бид улстөрчдийг сайн хүн, сайн зүйл авчирна гэж харахаасаа илүү хэрэв муу хүн гараад ирвэл энэ систем өөрөө яаж аюулгүй, хамгаалагдсан байх вэ гэдгийг бодох ёстой.

-Гэвч одоо хэлэлцэж байгаа энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмыг хуульчилчих юм бол нөгөө 2000 онд нэг нам дангаараа хууль зөрчөөд хийчихсэн өөрчлөлтийг залруулж чадахгүй хэвээр нь үлдээчих магадлалтай гэсэн болгоомжлол бас сонсогдож байсан?

-Үгүй л дээ. Хуулийн төсөл анхнаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд баримтлах ёстой зарчмуудыг тусгасан. Гэхдээ хуулийн агуулгад бүхэлд нь өөрчлөлт оруулах биш, засч сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн журам. Үүний тулд тодорхой хязгаарлалтуудыг хийж өгсөн. Жишээ нь, Үндсэн хуульд байгаа засаглал хуваарилах зарчим, хүний эрхийг хангах заалтуудыг өөрчилж, хасч болохгүй, утга санааг нь өөрчилж болохгүй гэх мэтчилэн. Өчигдөр Лу.Гантөмөр гишүүн санал оруулж байна лээ. 2000 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө эхлээд буцаая. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өөрчлөлтүүдээ хийе, нэг цэгээс эхэлье гэж. Энэ нь ч зөв гэж үзээд бид 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг буцаах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон.

-Засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх, сонгуулийн системээ өөрчлөх гээд олон зүйлд Үндсэн хуулийн өөрчлөлт шаардлагатай гэж үздэг. Өөрчлөх шаардлагатай гэдэг эдгээр асуудал дээр хоёр нам нэгдсэл байр суурьт хүрсэн юм уу?

-Үндсэн хуульд ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр хоёр нам санал нэгдсэн. Гэхдээ том хэмжээний өөрчлөлт биш. Сонгуулийн хуулийг пропорционалиар явуулахаар боллоо гэхэд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж, Цэц шийдвэр гаргаад зогсоочих магадлал байна. Гэтэл парламентын засаглалтай оронд сонгуулийг пропорционалиар явуулахгүй бол парламент нь одоогийнх шиг ийм хариуцлага байхгүй дампуу болдог. Пропорциональ элемент оруулж ирэхийн нэг давуу тал нь сонгуулиас өмнө Засгийн газар зарлагддаг. Манай Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд энэ, бид ийм бодлого хэрэгжүүлнэ гээд бодлогоороо өрсөлддөг. Пропорциональ байхгүй учраас учраас манайд сайдууд зарлагддаггүй, сонгууль болсны дараа “Би их хандив өгсөн, би сайд болох ёстой” гээд сонгогчдын төсөөлөөгүй Засгийн газар гараад ирдэг. Пропорционалийн давуу тал нь сонгогчид “Эдний намын Засгийн газар нь энэ, ийм бодлого хэрэгжүүлэх юм байна” гэж, нам гэдэг хоосон нэрэнд биш, бодлого, хүнд нь өгөх бололцоотой.

-Гэхдээ нэг талаар эрсдэлтэй л юм байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай, С.Баярцогт гэдэг Сангийн сайдтай Ардчилсан намын Засгийн газар бий болно гэхээр яг одоогийн нөхцөлд бол Ардчилсан намд эрсдэлтэй л харагдаж байна?

-Тийм учраас л намын хариуцлага байхгүй юу. Сонгогчдоосоо санал авахын тулд бодлого ямар байх, хүн нь хэн байх вэ гэдгийг шүүх хэрэгтэй болно. Энэ намын дарга учраас, энэ надад сайн учраас гэж кабинетаа дэвшүүлбэл ялагдана л гэсэн үг. Ялагдах нь чухал уу, ялах нь чухал уу? Нам ч гэсэн өөрөө шинэ шатанд гарна гэсэн үг л дээ. Одоо бол нам улс орны цогц бодлогын хэмжээнд харахаасаа илүүтэйгээр ттойрог дээр илүү нэр хүндтэй байна гээд нэр дэвшүүлдэг, тэгээд баахан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нөхдүүд гараад ирдэг, дандаа хоорондоо хэрэлддэг, нэгдсэн бодлого гэж байхгүй. Бие биедээ зөв шаардлага тавьж чаддаггүй, хариуцлагагүй, шаардлага тавихаар “тэр, энэ фракци” гээд бие биеэ жийдэг. Тийм нэг хариуцлагагүй систем рүү манай сонгуулийн тогтолцоо чирээд байна. Гэхдээ 100 хувь пропорциональ руу шилжье гэж одоохондоо ярихгүй. Орон нутгийн төлөөлөл байх ёстой. Гэхдээ парламентын засаглалын систем маань улс орны хөгжлийг нэг бодлогоор удирдах ёстой учраас энэ бодлогыг чирж явах тэр хэсэг нь бас байх ёстой. Энэ хоёрын балансыг тэнцвэржүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр намууд үндсэндээ ойлголцолд хүрсэн.

-Хувь хүнтэй нь холбож хэлж байгаа юм биш л дээ. Н.Алтанхуяг сайн Ерөнхий сайд байхыг хэн мэдэх вэ, С.Баярцогтоос илүү Сангийн сайд жишээ нь хэн байхыг хэлж мэдэхгүй. Зүгээр нийгэмд бас нэг тийм сөрөг хандлага бий болчихоод байна, хамтарсан Засгийн газраас болоод. Үүнийг даван туулна гэдэг хэцүү байх?

-Даван туулах л ёстой. Тэгж байж намууд илүү хариуцлагатай, зохион байгуулалттай болно. Хамгийн гол нь бодлогоороо өрсөлддөг болно. Одоо бол намууд бодлогоороо өрсөлдөхгүй, хэн илүү хор найруулж, хэн илүү сонгогчид таалагдаж, хэн илүү жижиг тойргийг зөв тойглож чадаж байгаа нь улстөрч болж харагдаж байгаа. Хэнд илүү шинэчлэлийн бодлого байна, хэн илүү эрүүл саруул үзэл бодолтой байна гэдэг нь намд сонин биш байна. Үүнийг өөрчлөх нэг арга зам нь сонгуулийн системийг өөрчлөх. Магадгүй 2012 онд пропорциональ системийг ашиглах нь Х.Тэмүүжинд  ашиггүй байж болно, Ардчилсан нам дотроос Х.Тэмүүжин шахагдаж ч болно. Гэхдээ энэ тогтолцоо улс оронд хэрэгтэй. Хамгийн чухал нь гуравдагч хүчин гарч ирнэ. Зөвхөн хоёр нам ингээд яваад байх биш, гуравдагч хүчний орон зай заавал гарч ирнэ. Хоёр гурваараа биш, намын бүлгийн хэмжээнд ч гарч ирж болно. Хэрвээ хоёр нам арчаагүй байх юм бол. Магадгүй пропорционалиар сонгууль явууллаа гэхэд 2012 оны сонгуульд Ардчилсан намд хохиролтой ч байж болно. Гэхдээ л үүнийг хийх ёстой.

-Ирэх долоо хоногт УИХ-аар Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх ёстой, маш олон зүйл, заалттай, том хууль. Хуулийн гол үндсэн концепци нь юу юм бэ?

-Бид асуудлыг цогцоор нь харах ёстой. Манай Засгийн газар, УИХ бодлогыг хэтэрхий жижиглээд, мөчлөөд байна. Тэр жижиг хэсгүүд нь нэгдээд яг юу хийх юм бэ гэдэг нь харагддаггүй. Ийм байдлаасаа гарахгүй бол болохгүй нь. Хүнээр үлгэрлэвэл нэг нь хамар, нөгөө нь нүд, гурав дахь нь чихийг нь барьчихсан. Цагаар жишээлэхэд араа шүд, бүх юм нь зохицож байж тэр цаг ажиллана биз дээ. Гэтэл нэг нь аймаар гоё алтан араа барьчихсэн “энэ манайд таарна” гээд, нөгөө нь “энэ ёстой сайн зай, бидэнд хэрэгтэй” гээд, хүн бүр энд тэндээс авчирсан баахан юм нийлүүлээд цаг болж ажилладаггүй. Хэрэглэх гэж байгаа хүн нь хэдэн цаг болж байгааг хэлэх бололцоогүй. Энэ бодлогыг яаж өөрчлөх вэ гэдгийг л харж байна.
Би өөрөө хуулийн салбарын хүн. Хууль зүйн салбар яагаад асуудлаа цогцоор нь харж чадахгүй байна вэ гэхээр цагдаагийн байгууллага нь цагдаагийн хуулиа яриад байдаг.. Прокурорын байгууллага нь, шүүх нь нэг өөр зүйл яриад. Зангидаад том бодлогоо барих ёстой Хууль зүйн яам нь ажлаа өөр хүмүүсээр хийлгэчихээд, авчирсан юмыг нь эвцэлдүүлэх гээд өөрсдөө ч сайн ойлгохгүй.Тэгээд л хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд унаад байдаг. Авлигатай тэмцэх тухай олон жил ярилаа. Тэгсэн хэрнээ яаж тэмцэх вэ гэдэг цогц бодлого нь байхгүй. Ямар хуулиудад яаж өөрчлөлт оруулах, ямар механизмуудыг нь сайжруулж, чадваржуулах юм, нэгдсэн фронтоор авлига гэдэг зүйлийг яаж шахах юм гэдэг нэгдсэн бодлого нь хаана байна, хэнд нь ч байхгүй. Хурлын индэр дээрээс, ард түмний өмнө бүгд л “Авлига муухай, Монголд хээл хахууль цэцэглэж байна” гэж ярьдаг мөртлөө “Тэгээд үүнийгээ яах вэ” гэхээр хэнд нь ч санал байхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй байна. Нэгдүгээрт авлигыг бойжуулаад байгаа хөрс болсон сонирхлын зөрчил гэдэг юмыг тодорхойлох ёстой. Авлигын газрын зургийг гаргаж өгдөг сонирхлын зөрчлөө хуульчлаагүй учраас таамгаар “авлига тэнд байгаа, энд байгаа” гэж яриад хоосон яриад, бодитойгоор юу ч хийж чадахгүй байна.

-Нэрээ нуусан этгээд утсаар мэдээлэл өгөхийг хүлээгээд л үү?

-Тийм л байхгүй юу. Сонирхлын зөрчилтэй газар л авлига гардаг болохоос сонирхлын зөрчилгүй газар авлига гарахгүй. Авлига гэдэг чинь мөнгө. Авлига өгөх гэж байгаа компанийн эзэн ч бай, хэн ч бай тэр мөнгийг хөлсөө урсгаж олж байгаа. Түүнийгээ дуртай хүндээ өгнө гэж байхгүй. Өөрийнх нь сонирхлыг хэрэгжүүлж чадах сонирхлын зөрчилтэй хүнд л өгнө. Тиймээс авлигын хамгийн эхний үр нь сонирхлын зөрчил. Тиймээс төрийг яаж сонирхлын зөрчлөөс ангид байлгах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Хоёрдугаарт сонирхлын зөрчил болоод авлигын зөрчлийн ялгаа заагийг гаргаж, тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялгаа заагийг нь гаргаагүйгээс ялаа алахын тулд лантуу барьж гүйгээд, эсвэл арслан алах гээд сонин барьж гүйгээд байгаа нь тодорхойгүй. Хариулт нь тодорхойгүй, хариуцлага нь өөрөө болхи, юу агнах гээд байгаа нь мэдэгддэггүй. Нөгөө “өвсөн тэжээлт”, “махан тэжээлт” гэдэг шиг том авлигачид руугаа сонин, жижиг авлигачид руугаа лантуу барьж дайраад байна.

-АТГ сүүлийн үед сумын сургуулийн багш, соёлын төвийн эрхлэгчийн авлигыг л илрүүлдэг болсон шүү дээ?

-Харин тийм учраас сонирхлын зөрчил, авлигын зөрчил хоёроо ялгамжтай тавьж, таарсан хариуцлагыг нь хуульчилж өгөх ёстой. Сонирхлын зөрчлийн тухай хуулийг гаргахаас гадна Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна. Хуулийг бичих явцдаа харахад Авлигын эсрэг хуульд авлигын зөрчил огт бичигдээгүй, цөөн тооны сонирхлын зөрчил л бичсэн байгаа байхгүй юу. Албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид удирдлагаас нь дарамт шахалт үзүүлбэл яах вэ гэдэг тухай огт байхгүй. Авлигын хуулинд авлигын зөрчлийг нь тавьж өгөөд авлигын зөрчил, сонирхлын зөрчлийнхөө хүнд хэлбэрүүдийг Эрүүгийн хуулиндаа тавьж өгөх вэ гээд харахаар дахиад Эрүүгийн хуульд дахиад “үндэслэлгүй баяжих” гэдэг авлигын хамгийн том зөрчил байхгүй. Тиймээс Авлигын хууль, Сонирхлын зөрчлийн хууль, Эрүүгийн хуулинд ингэж хийх юм байна, цогц бодлого нь ийм байх юм байна, үүнийгээ дагаад хяналтууд нь энд байх юм гээд, үүнд парламент, засгийн газар яаж хяналтаа тавих, ямар үе шаттайгаар хэрэгжүүлэхийг нь нарийн гаргаж, нэлээн цогцоор нь харсан хуулийн төсөл болсон.

-Дагаад их олон хуульд өөрчлөлт орох юм байна?

-Тийм. Авлигын хуулийн өөрчлөлтөөс гадна Төрийн албаны хууль, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг ч бас хамтад нь өргөн барьсан. Энэ хуулиуд агуулгаа зөв тээхийн тулд одоо хэрэглэж байгаа социалист нэр томьёо, буруу агуулгатай хуучин ойлголтуудыг ч солих ёстой. Түүний нэг нь төрийн алба. Нийтийн алба, нийтийн албан тушаал, нийтийн чиг үүргүүдийг төрийн алба гэдэг явцуу бөгөөд дундад зууны ойлголтоор нэрлээд явах шаардлага байна уу. Дахиад ойлголтуудаа шинэчлэх ёстой болж байна. Манайд төрийн дээд албан тушаалтан гэж нэрлэдэг шүү дээ, ардчилсан нийгэмд тийм юм байхгүй. Нийтийн албыг дотор нь эрх мэдэл хуваарилах зарчмаар парламентын, Засгийн газрын, шүүх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж хуваасан. Төрийн дээд, доод, дунд албан тушаалтан гэдэг ойлголт байхгүй болно. Энэ чиг үүргүүд нь бодлогоосоо шалтгаалаад хяналтуудыг нь зохицуулсан.

-Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх, хүлээж авах улс төрийн орчин манайд байна уу?

-Нийгмийн орчин бол байна. Шийдвэр гаргадаг хүмүүс л үүнийг ойлгохгүй байна. Засгийн газар манай төслийг буцаалаа гэдэг хариугаа өнгөрсөн долоо хоногт өгсөн байна лээ. Тэгэхээр дахиад маргаан үүсч байна. Хуулийн төсөл бичээд Засгийн газраас саналыг нь авахаар өгөөд гурван сар өнгөрч байна. Хуулиараа 14 хоногийн дотор саналаа өгөх ёстой. өгөөгүй бол “саналгүй” гэж үзээд хууль санаачлагч нь өөрөө УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу бид сар хагасын өмнө УИХ-д хуулийн төслөө өргөн барьчихсан. Гэтэл Засгийн газар хоёр сар хагасын дараа гэнэт ухаан орсон юм шиг авч хэлэлцээд, “Үүнийг чинь дэмжихгүй” гэж байгаа байхгүй юу. Засгийн газар хууль яаж хэлэлцэхийг УИХ-д заах гээд байгаа юм уу, өөрсдөө хуулиа мөрдөөгүй байж.

-Тэгвэл хуулийн төсөл цаашаа хэлэлцэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Хамгийн их сонирхлын зөрчилтэй, авлигад идэгдэх магадлалтай Засгийн газар өөрийнхөө эрх зүйн орчинг сайжруулах дургүй байна л гэсэн үг. Хоёрдугаарт, авлига, сонирхлын зөрчлийг хянах асуудал Засгийн газрын ажил гэхээсээ илүү УИХ, УИХ-ын хяналтын эрхийг хэрэгжүүлдэг АТГ-ын асуудал. Тиймээс хуулийг өргөн барих явцад Засгийн газраас заавал санал авах ч албагүй. Гэхдээ саналыг нь сонсохын тулд улс төрийн соёл гаргаад саналыг нь авья гэсэн. Харамсалтай нь, хуулийнхаа хугацаанд хариугаа өгсөнгүй.

-Хэлэлцүүлгийн хуваарьт яг орсон уу?

-Энэ долоо хоногт орно гэсэн. Д.Дэмбэрэл даргатай би өнгөрсөн долоо хоногт уулзсан. Төсвийн хууль хэлэлцэж дууссаны дараа шуурхай оруулах арга хэмжээ авна гэсэн. Авлигатай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, хариуцлагыг илүү нарийвчлах шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа гэж бодож байна.

-Хуулийн төсөлд албан тушаалтан бүртгүүлсэн хөрөнгө орлогоо хаанаас ямар эх үүсвэрээр олсон бэ гэдгээ хэлж чадаагүй бол хөрөнгийг нь хураах заалт байсан?

-Үүнийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж үзнэ. Энэ чинь авлига байж магадгүй гэж хардах үндэслэл биз дээ. Тэгээд тайлбарлаж чадахгүй байна гэдгийг прокурор нотлоод эрүүгийн хэрэг болоод явчихвал хураана. Тэр процессоос наана хөрөнгө хураах асуудал байхгүй. Шүүхийн процесс явж дууссаны дараа “Уучлаарай, та үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа учраас үндэслэлгүйгээр баяжсан гэж үзэж байна” гээд хөрөнгийг хураана, энэ үйлдийнх нь төлөө авлигын хэрэгт шалгана гэсэн үг. Энэ мөнгө хаанаас орж ирсэн бэ гэдгийг прокурор тогтооно. Тогтоож байгаа нөхцөл нь сонирхлын зөрчил болон авлигын хэлбэртэй байвал шоронд суухаас өөр аргагүй.

-Ерөнхийлөгч “Бүгдээрээ нэг гараанаас гарья, өмнөх бүх хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлээд үүнээс хойш хяналттай явья” гэж хэлж байсан. Татварын өршөөлийн хууль ч мөн тэр л зарчмаар гарсан. Хууль эргэж үйлчлэхгүй гэдэг. Сонирхлын зөрчлийн хуулийг ч гэсэн ингэж хийхгүй бол өнөөдрийн нөхцөлд парламентын босго давж чадахгүй юм биш үү?

-Хууль угаасаа урагшаа үйлчилдэггүй. Эрүүгийн хуулийн зарчим тийм. Хүчин төгөлдөр болсноосоо хойш л үйлчилдэг. Хууль баталсны дараа хүмүүс орлогоо мэдүүлнэ, тэр орлогоос нь хойш тооцогдоод явна гэсэн үг. Хуулийн үйлчлэл тэгэхээр 2011 оны хоёрдугаар сард гарсан хөрөнгө орлогын болон сонирхлын зөрчлийн мэдүүлгээс хойш эхэлнэ гэсэн үг. Эргэж үйлчлэхгүй.

-Төрийн албан тушаалтнуудад маш олон хязгаарлалтыг хийж өгсөн байсан. Энэ талаар?

-Сонирхлын зөрчлийг бид цогцоор нь тэр болгон баримжаалж хардаггүй байсан. Жишээ нь, давхар ажил эрхлэлт гэдэг сонирхлын зөрчлийн хамгийн том хэлбэр. Төрийн албан хаагч ямар ажлыг давхар эрхэлж болох вэ, ямар ажлыг хориглох вэ. Төрийн албаны тухай хууль, УИХ-ын тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Хууль шүүхийн ажилтан эрдэм шинжилгээний болон багшлах ажлаас өөр ажил эрхэлж болохгүй гэх мэтчилэн. Энэ заалтууд бүгдээрээ Сонирхлын зөрчлийн тухай хуульд хумигдаж орж ирнэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэрвээ шүүгч бол давхар ажил хийхийг хориглоно. Одоо бол Цэцийн гишүүн өмгөөлөл хийж байна, гадаадын байгууллага төлөөлөөд явж байна, төрийн албан хаагч мөртлөө нутгийн зөвлөлийн дарга хийгээд явж байна. Ийм жишээ маш олон. Энэ зөрчлүүд шийдэгдэнэ. Төрийн албанаас авч байгаа цалингийнхаа талаас илүүг олдог аж ахуй нэгж эрхлээд ирэх юм бол сонирхлын зөрчил үүснэ. Аль ажлынхаа араас тэр хүн явах вэ. Тэгэхээр уучлаарай, та бизнесээ хийвэл төрд битгий ажил, төрд ажиллах юм бол бизнесээ орхи оо гэсэн шаардлага тавигдана. Тэгэхгүй бол бизнес хийдэг, бизнесээ хамгаалахын тулд төрд ажилладаг нөхцөл үүсчихлээ. Тэр байтугай төрийн албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг ч нарийн зааж өгсөн. Сонирхлын зөрчил гэдэг зүйлийг бид тэр чигээр нь сул тавьчихсан учраас авлига газар авсан. Энэ хууль гарснаар төрийн албыг нийтийн алба болгож, Төрийн албаны хууль бүрэн шинэчлэгдэх ёстой. Төрийн албатай холбоотой маш олон зохицуулалтууд цогцоороо шинэчлэгдэнэ. Үүний дараа төрийн албаны зөвлөлийг ямар байгууллага болгох вэ гэдэг дараачийн шинэчлэл явна. Бүхэлдээ ардчиллын чанар, агуулгын шинэтгэлд нэг том давалгаа эхэлнэ. Одоо бол бид ардчиллыг хэлбэрийн хувьд бий болгочихсон шүү дээ.

-Энэ том хуулийг гэвч хэр удаан хийсэн юм бэ?

-Зөвхөн судалгааг нь хоёр жил хийсэн. МУИС, Судалгааны нээлттэй академи дээр. Манайд сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дөрвөн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчий үед нэг хуулийн төсөл бичигдсэн. Энэ төсөл дээр Австралиас нэг зөвлөх ирж шүүмжлэл бичээд, өөрийн моделийг бас гаргаж ирсэн байдаг. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бас ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээд их сургууль дээр болон өөр олон газрууд дээр хийгдсэн судалгаа, Дэлхийн банк, НҮБ дээр хийсэн судалгааг бүгдийг нь нэгтгээд нэлээн том, цогц хууль гаргах ёстой юм байна гэж үзээд хуулийн төслийг шинээр бичсэн.

-УИХ-ын гишүүдийн цалин одоо сая гаруй төгрөг болсон байх, сүүлийн нэмэгдлээр. Гэвч энэ бол хувийнхаа эрх ашгийг бүгдийг хойш тавиад төрийн, таны хэлснээр нийтийн албанд зүтгэх хэмжээний орлого мөн үү? Хууль гарсны дараа төрд хэн ажиллах вэ гэдэг асуулт гарч байна?

-Энэ хуулийн хамгийн гол зорилго л тэр шүү дээ. Сонирхолгүй, сэтгэлгүй, сонирхлын зөрчилтэй, нийтийн эрх ашгийг бодохоосоо илүү хувийнхаа, хэсэг бүлгийн эрх ашгийг хангах гэж явдаг хүмүүсийг төрөөс цэвэрлэх. Үнэхээр энэ хууль үйлчлээд, авлига, эрүүгийн хуулийн систем цогцоороо ажиллаад эхлэвэл төрд байгаа өөр ашиг сонирхолтой нөхдүүд шахагдаж эхэлнэ. Мэдээж хэрэг нөгөө талаас эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Эсэргүүцлээ зарим нь илэрхийлж эхлээд байгааг ч би мэдэрч байна. Гэхдээ үүнийг хийхгүйгээр уул уурхайн энэ их мөнгө Монгол Улсыг дампууруулна. Уул уурхайн их мөнгөн дээр тулгуурласан төрийн энэ их эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, нийтийн эрх ашиг руу чиглүүлэхийн тулд энэ хууль юу юунаас илүү чухал. Бараг л ардчиллын амин сүнс болно.

-Хууль гарлаа, сонголтоо хийгээд яв гэвэл одоо байгаа төрийн албаныхнаас хэр олон нь үлдэх бол?

-Мэдэхгүй л дээ. Сонголтоо хийгээд тодорхой хэсэг нь явах байх. Дийлэнх нь үлдээд хуучнаараа үзнэ ээ гэх байх. Тэр нөхдийг нөгөө сонирхлын зөрчлийн мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг, үүнд гарч байгаа өөрчлөлтийн хяналтаар барьж аваад цэвэрлээд эхэлнэ. Хууль гарсны дараа бид тавдугаар сард дахиад парламентын Нээлттэй сонсгол хийнэ. Энэ хуулийн шүүлтүүрт ороод шүүгдэж байгаа хүмүүсийг “жараахай”-наасаа эхлээд “тул” хүртэл нь таарсан хариуцлагыг нь хүлээлгэж эхэлнэ. Өнгөрсөн тавдугаар сарын Нээлттэй сонсголоор ямар ч хариуцлага тооцож чадаагүй шүү дээ. Улстөрчид нь хүртэл “энэ чинь жараахай л байна шүү дээ” гээд өнгөрсөн. “Жараахай”-гаа барьж чадахгүй авлигын механизмтай улс орон “тул”-ыг бол бүр барьж чадахгүй.

-Та хууль гарчихсан юм шиг ярьж байна. Яг үнэндээ энэ хууль гарах уу гэдэгт би лав эргэлзэж байна?

-Энэ хуулийг гаргахын төлөө УИХ ажиллах ёстой. Үүний төлөө зогсох УИХ-ын гишүүн 76-гийн бараг тал нь байгаа шүү. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ тэр авлигын сүлжээнээс юм олж байгаа гэж бодож байна уу, үгүй. Өөрөө хүсэхгүй учраас тийшээ орохгүй нэг хэсэг байгаа, хүсээд ч тийшээ орж чадахгүй хэсэг бас байгаа. Тэд нь бас ууртай л байгаа шүү дээ. Дургүй л байгаа. Тийм учраас ний нуугүй хэлэхэд сонирхлын зөрчлийн энэ хуулийг батлахад магадгүй Засгийн газар, УИХ-ын хил хязгаар аягүй тод гарч ирнэ. УИХ-ын гишүүд мөнгөө Засгийн газрын туслалцаатайгаар л олно.  Тэр сонирхлын зөрчлийн сувгууд дээр байгаа хүмүүсийг л барьж авахад зориулагдсан хууль учраас Засгийн газар болон тэдэнтэй хэлбээ холбоотой хэсэг нь эсэргүүцэж магадгүй. Үнэхээр Монгол Улсыг гэрэл гэгээтэй болгоё гэвэл тэд ч бас дэмжиж магадгүй, би найдаж байна. Гэхдээ нөгөө талд байгаа гишүүд бол нэлээд хурц бөгөөд тодорхой дэмжинэ. Тийм учраас хууль эхний хэлбэрээрээ биш юм гэхэд ямар нэг байдлаар батлагдана.

-Тэгвэл танд амжилт хүье. Магадгүй энэ хуулийг дэмжиж гаргасан хүмүүс ирэх сонгуульд сонгогчдын өмнө нүүр бардам зогсох бас нэг шалгуур болох нь?

-Улс төрийг цэвэр байлгая, хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө явья гэж бодож байгаа бол улстөрчдөд үүнийг дэмжих улс төрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй байх ёстой. Эсэргүүцэж байгаа хүн бол нөгөө аалзны торон дотор байна, өөрөө аалз нь, эсвэл тэр торноос хувь хүртэх гэж горьдож суугаа хэсэг л гэж харагдана. Улстөрчдийг аль нам бэ, парламентад хэр удаан суусан бэ гэж хуваахаас илүүтэйгээр авлигын эсрэг хэн зогсч байна, хэн авлигын талд зогсч байна гэдгийг харуулах том талбар л гэж би харж байна.

Б.СЭМҮҮН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж