Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Төсөв дампуурлаа

Төсөв тойрсон яриа дуусаагүй, дуусах ч янзгүй байна. Арга ч үгүй биз дээ. Төсвийн зарлага нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг давлаа. Хийж бүтээсний чинь талаас дээш хувийг төрийн нэрээр дээрэмдэж байгааг энэ тоо илтгэж байна. Бүхнийг хаман төвлөрүүлж байсан социализмын үед энэ тоо 26 хувь байсныг экс ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай саяхан телевизээр гунигтайхан дурссан.
Албан тушаалтнуудын зардал өсч, тансаглал нэмэгдэхийн хирээр, ард түмний халааснаас нэмж суйлсаар байна. Эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн, нөөц ашигласны гээд олон татвар, хураамжийг нэмэгдүүлж эхлэв. Тэмдэгтийн хураамжийг хүртэл татвар болгоод нэмэгдүүлчихлээ. Ингээд ч бүрдэхгүй төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд Оюутолгойн араас Тавантолгойгоо барьцаалж зээл авахаар болов.
УИХ ердөө хэдхэн хоногийн өмнө ийм л шийдвэр гаргалаа. Харин төсвийн байнгын хорооны дарга нь “шинэ үеийн төсвийн эхлэл тавигдаж байна” баяр ёслолын байдалтайгаар мэдэгдэж байна.
Ийм төсөв баталсан УИХ-ын гишүүдийг бүгдээрээ тэнэг гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Гагцхүү ямар ч үнээр хамаагүй дахин сонгогдох гэсэн хүсэл тачаалдаа баригдчихаад, юу ч хийхээс буцахгүй болчихжээ.
Нэгэнт хууль болж батлагдсан, алдагдал нь ДНБ-ны 10 хувьтай тэнцэх дампуурсан төсвийг өөрчлөх боломж одоо нэгэнт үгүй болсон.

Ирэх жил биднийг юу хүлээж байна вэ?
Ирэх жил нийт төсвийнхөө 1/3-ийг халамж нэрээр тараана. Уул уурхай нь эргэлтэнд ороод, ашиг болчихсон орлого бол тараахад одоо дүүрчээ гэхсэн. Гэтэл ирээдүйгээсээ зээлсэн мөнгөөр ирэх жил иргэн бүрт, сар бүр 21 мянган төгрөг бэлнээр тараах бөгөөд энэ нь 800 орчим тэрбум төгрөг болно. Муу амлаж байгаа юм биш, энэ л биднийг сүйдлэнэ. Энэ төсвөөс ирэх онд бид юу хүлээж болох талаар Дэлхийн банкны хийсэн дүн шинжилгээнээс иш татъя.
2008-2009 онд гарсан хямрал дахин гарахгүй гэх баталгаа байхгүй болно.
2011 оны эцэст инфляци одоогийн түвшин буюу 10 хувь дээр дахин 15 хувь нэмэгдэнэ. Иймд инфляци, төсвийн зарлагын бодит үнэ цэнийг богино хугацаанд үнэгүйдүүлж, улмаар тараасан бэлэн мөнгөний ач тусыг багасгаж, тусламж дэмжлэг хамгийн их хэрэгцээтэй байгаа хэсэгт хүндээр тусна.
Монгол Улс 1960-аад оны Нидерланд гэх мэт байгалийн нөөцөөр баялаг олон улс орнуудын баримталж байсан шиг хэн бүхний мэдэх тэр л алдаатай замыг дагана. Эдгээр улсуудын алдаа юу байсан бэ гэхээр их хэмжээний татаас, шилжүүлгийг иргэддээ олгож, цалин хөлсний өсөх спиралийг бий болгосон нь дараа нь хяналт тавихад бэрхшээлтэй болгосон. Мөн дотоодын хөрөнгийн (жишээлбэл, орон сууцны) үнэ өсч, олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын ашигт ажиллагаанд маш их сөргөөр нөлөөлсөн. Нидерландын хувьд энэ нь эцэстээ эдийн засгийн тэсрэлтэнд хүргэж, ихээхэн хор хохирол учруулсан.
Инфляцийн төвшин эрс өндөр байсны өөр нэг хор уршиг нь үндэсний мөнгөн тэмдэгт, санхүүгийн салбарт итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй юм. Монгол Улсын банкны салбар хэврэг хэвээрээ байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ муудсан, чанаргүй зээлийн багц өндөр, засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо муу, банкны хяналт шалгалтын түвшин доогуур зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байна.
Энэ бол Дэлхийн банкны хийсэн дүн шинжилгээний нэгээхэн хэсэг гэдгийг би дээр хэлсэн. Үүн дээр нэмээд өөрийн таамгийг дэвшүүлье.
2011 онд архидалт гаарч, гэмт хэргийн нөхцөл байдал эрс хүндэрнэ. Энэ оны эхэнд Оюутолгойгоос зээл авч, 70 мянган төгрөг тараасны дараа хөдөө аймаг, сумдад 1990-ээд оноос хойш анх удаа архины хомсдол үүссэн. Дэлгүүрийн архийг дуустал архидсан нь ердөө өнгөрсөн хаврын явдал. Хотод ч ялгаагүй архины борлуулалт ихээр нэмэгдсэн дүн мэдээ бий. Нийт хэргийн 70 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэгийг тооцвол яах аргагүй гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрнэ.
Бэлнээр тараах 800 тэрбум төгрөгийн дийлэнх нь Хятадын эдийн засаг руу гарч, Эрээний хөгжлийг дэмжинэ. Ногоо, цагаанаасаа авахуулаад гутал, хувцсаа хүртэл Хятадаас зөөдөг манай улс ирэх жил томоохон хөрөнгө оруулалтыг урд хөршдөө хийнэ. З.Алтай гишүүний онож хэлснээр, 76 өвлийн өвгөний тараах мөнгө Нарантуул захаар дамжин, Эрээн хотод очиж бизнесийн төвүүд, зам талбай, эмнэлэг, сургууль болон сүндэрлэнэ. Харин бидэнд ганц улирлын насгүй гутал, 7 хоногийн насгүй хэдэн оймс мэтхэн л үлдэнэ.

Ямар ч арга байхгүй юу?
Дэлхийн банкны дүн шинжилгээнд дурдсан аюулыг бид тойрч гарахаасаа нэгэнт өнгөрсөн болов уу даа.
Ерөнхийлөгч төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьж болох ч энэ нь бараг бүтэшгүй санаа. Учир нь мань хүн АН-ын дарга байхдаа энэ мөнгөний уралдааныг эхлүүлсэн “гавъяатай”.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил бэлэн мөнгө тараах дээр биш, гишүүдийн гэх 76 тэрбумд хориг тавьж байсан. Хориг тавигдлаа ч түүнийг нь хүлээгээд авчих 26 гишүүн УИХ-д өнөөдөр байхгүй.
Тийм болохоор ирэх жил инфляци 25 хувьд хүрч, 1000 төгрөгийн талх 1250 болох нь гарцаагүй болчихоод байна. Дээр нь Монгол банк “цус боох” бодлогоо улам чангатгахаа мэдэгдчихлээ.
Харин миний өөрийн дүгнэлтэнд нэмж дурдсан хоёр аюулаас бага боловч сэргийлж болох нэг арга байж болохоор байна. Ухаантай сайндаа бодоод олчихсон юм биш, хямралын үед иргэддээ бэлэн мөнгө олгосон зарим орны туршлага юм.
Энэ нь мөнгөн тэмдэгтийг ваучер, эрхийн бичгээр орлуулах арга юм. Одоо тайлбарлая.
Бэлэн мөнгө авахаар банкинд ирэх иргэдэд бэлэн мөнгөний оронд 21 мянган төгрөгийн дүнтэй эрхийн бичиг олгоё. Тэр эрхийн бичгээ “Монголд үйлдвэрлэв” гэж нэрлээд, үүндээ хоёр төрлийн хаалт хийж өгье. Үүнд:
Нэгдүгээрт, зөвхөн Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авч болно. Хоёрдугаарт, согтууруулах төрлийн ундаа, тамхи худалдан авах боломжгүй байхаар зохицуулалт хийе.
Иргэд ердийн байдлаар дэлгүүрүүдээс худалдан авалтаа хийнэ. Эрхийн бичгээр зөвхөн үндэсний үйлдвэрийн, архи тамхины төрлийн бус бараа бүтээгдэхүүн худалдахад нь хяналтын байгууллагууд нь хяналтаа тавина. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд нь эрхийн бичгийг бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний үйлдвэрүүдэд өгч тооцоо хийнэ. Үндэсний үйлдвэрлэгчид нь эрхийн бичгээ харилцагч банкаараа дамжуулан Хүний хөгжил сангаас мөнгөжүүлж авна.
Иргэд эрхийн бичгээ байр, цахилгааныхаа төлбөрт ч хэрэглэж болох боломжийг нээж өгье. Бэлэн мөнгө тараахад иргэдийн 2-3 хувь нь огт авдаггүй гэсэн тооцоо бий. Тэр үлдэгдэл мөнгөөр эрхийн бичгээ хэвлүүлчихье.
Ингэснээр 800 тэрбум төгрөгийг архи болгоод уучихгүй, Эрээн хот руу алдчихгүй байх боломж бүрдэнэ. Монголынхоо үндэсний үйлдвэрлэгчдийг давхар дэмжсэн бодлого болно. Иргэд эрхийн бичгээрээ “Алейка” биш, “Алтан тариа”-ны гурил, гадаадын биш, “Газар шим”-ын салатаа аваг. Чокопайны оронд 60 мөнгөний печень илүү борлогдоно.
Дэлхийн банкны дүгнэлтийг ч тоож сонсдоггүй МАНАН-тдсан төр миний үгийг тоож сонсоно гэдэгт би өөрөө ч итгэхгүй байгаа юм. Гэхдээ л мэдсээр, харсаар, дуугүй бухимдаж сууснаас саваагүй нохой болоод саранд ч болтугай хуцаж байгаа минь энэ.

Г.Ганбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж