
“Энэ хэлэлцээр нь АНУ-ыг дэлхийн эдийн засагт өрсөлдөж, цаашид манлайлах хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна” хэмээн Обама Цагаан ордонд хийсэн мэдэгдлийн үеэр хэлжээ. Түүний хэлснээс харахад ажилгүйдлийн төвшин асар их байгаа тус улсын эдийн засагт нийт 70 мянган ажлын байр бий болгох юм байна.
Одоо хэлэлцээрийг Конгрессоос батлах ёстой аж. Хэлэлцээрийн цар хүрээ нь 1994 онд Канад болон Мексиктэй байгуулж байсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрээс хойшхи хамгийн том нь болж байгаа юм.
Зарим мэдээллээс харахад АНУ-аас Өмнөд Солонгос руу хийх экспортын хэмжээ 10 тэрбум ам.доллар болох гэнэ. Жорж Бушийн үед зөвшилцөлд хүрсэн ч түр хугацаагаар хойшлуулаад байсан энэхүү чухал хэлэлцээрийг байгуулсан Обамаг АНУ-ын Худалдааны танхим болон Бүгд найрамдах намынхнаас магтсан байна.
Өмнөд Солонгос улсаас импортлох автомашины 2,5 хувийн татварыг АНУ таван жилийн хугацаанд тэглэх юм байна. Мөн АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компаниуд аюулгүй байдлын стандартын шаардлагыг биелүүлсэн тохиолдолд 25 мянган төмөр хүлгийг Өмнөд Солонгос руу экспортлох боломжтой болох аж.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак мөн мэдэгдэл хийж, энэ худалдааны гэрээ нь хоёр улсын эдийн засаг болон улс төрийн түншлэлд сайнаар нөлөөлнө гэсэн байна.