
Ирэх онд “Галт-Халуун ус” рашаан сувиллын газрын 50 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клуб, “Галт-Халуун ус” рашаан сувилалтай хамтран 25 минутын түргэн тоглолтын цуврал тэмцээнийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Үүний хоёр дахь цуврал нь болж өнгөрлөө. Шилдэг 13 шатарчин оролцож байгаа уг тэмцээний хоёр дахь цувралд олон улсын хэмжээний мастер Б.Гүндаваа найман оноогоор тэргүүлэв. Тэрээр саяхан Гуанжоуд болсон Азийн наадамд амжилттай оролцсон бөгөөд форм сайтай байгаагаа харууллаа. Харин олон улсын мастер Ц.Батчулуун 6.5 оноогоор удааллаа. Эхний цувралд тэрээр түрүүлж байсан юм. Их мастер Д.Шаравдорж, ФИДЕ мастер З.Бямбаа нар 5.5 оноогоо 3-4 дүгээр байрыг эзэлсэн бол Б.Болд-Эрдэнэ “айрагдлаа”. Тус тэмцээний финалын тоглолт ирэх онд Хөвсгөл аймгийн Галт суман дахь “Галт-Халуун ус” рашаан сувилалд болно.
С.Зул