Ё.Отгонбаяр сайдад хатуу анхааруулах нь

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр сайдад хатуу анхааруулах нь

Сайд  ажилдаа түүртэж байгаад нэг юм мартах вий дээ. Мартчихвал мань хүн ч энэ Засгийн газар ч эвгүй байдалд орж магадгүй. Бас ард иргэд ч юу гэж бодоо билээ. Ер нь сануулсан нь зөв байх аа. 

Ховд аймгийн Булган сумын дунд сургуулийн 150 сурагч үдийн цайндаа  өгсөн бялуунаас хордож улс даяар түргэн авахуулсан. Ердөө бялуугаа идээд л 10 минут орчмын дараагаас бөөлжиж халуурч эхэлсэн гэдэг.  Хүн хүч муутайч гэлээ сумын эмнэлэг эрвийх дэрвийхээрээ ажилласны хүчинд хүүхдүүдийн амийг аварсан. Харин одоо бол  “асуудлыг шалгаж ” байгаа. “Шалгаж дууссан”-ы дараа нийтэд мэдээлнэ. Тэр болтол хэнийг нь нууж хэнийг нь золигт гаргахаа хууль хяналтынхан хэлэлцэж байгаа гэсэн үг шүү дээ. За тэр яахав дээ. Харин  одоо гол анхаарах юм бол Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өмнөх алдаагаа давтаж буруу  шийдвэр гаргаж  хэрхэвч болохгүй. Учир нь хоёр сарын өмнө нийслэлийн Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн 173 хүүхэд мөн л үдийн цайнаасаа хордож улс даяар түргэн авахуулсан. Дэмийртлээ халуурсан жаалууд эцэг эхийгээ төдийгүй үртэй үртэстэй бүхнийг  сандрааж билээ.  Хариуцлагын тогтолцоог үгүйлэх болсон нийгэмд хэвлэлүүд сургуулийнх нь захиралд ямар арга хэмжээ авах талаар сонирхож байлаа. Төдөлгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд  тус сургуулийн захирал Соронзонг ажлаас нь халах шийдвэр гаргав.  Эл шийдвэрийг  алга ташин хүлээж авах болов уу гэтэл байдаггүй ээ. Ажлаа хийгээд сурагчдаа хордуулаад гэм зэмгүй явсан захирлыг халдаг задарсан сайдыг огцортол тэмцэх юм болоод явчихав. Соронзонтой хариуцлага тооцох гэсэн сайд, түүний шийдвэрийг зөв гэж бичсэн сэтгүүлчид ам руугаа алгадуулж, ар нуруу руугаа хүйтэн хналуун савтай цай хийлгэх шиг л болов. Буруу дэвсэн сайдын шийдвэрийг  Сүхбаатар дүүргийн шүүх гуравхан хоногт цуцалж “эл гутамшигт хэрэг”-ийг “илрүүллээ”. Сурагчид өөрсдөө л хайж гүйж байгаад хортой хоол олж идсэн эсвэл ОХУ-ын КГБ сурагчдын хоолонд хор хийсэн хоёрын нэг л болж таарлаа. Өөр нэг таамаг гэвэл  173 хүүхэд хоорондоо үгсэн хуйвалдаж  хордсон болж жүжиглэн  эмнэлэгт хэвтэж  хичээлээ тасалсан байж магадгүй болов. Хичээлээ тасалсан жаалуудад арга хэмжээ авч, хүүхдээ хордуулж өгсөнд нь сургуулийн захиргаанд эцэг эх нь баярлаж талархсанаа илэрхийлээд асуудал төгсөв. Захирал Ж.Соронзон нь баяр ёслолын байдалтайгаар ажилдаа орж, гавьяат цолоо нижгэр тэмдэглэснээр   хэрэг явдал хаагдсан юм даа. Тэгвэл одоо  мөн л Ховдын Булганд  дээрхийн адил  явдал боллоо. Сургуулийн захирлыг нь Н.Баатарсүрэн гэдэг аж. Харин одоо Ё.Отгонбаяр сайд  тэр Н.Баатарсүрэнд  хариуцлага тооцох вий дээ. Түүнийг ямар ч тохиолдолд ажлаас нь халж болохгүй гэдгийг   анхааруулах гэсэн юм.  Үдийн цайнд өгсөн бялуунаас хордсон 150 хүүхдийн хохь нь. Ажлаа хийгээд амжилтаа гаргаад явж байсан сургуулийн  захиралтай хариуцлага тооцоод үзээрэй.  Тэгвэл тэмцлийн хурц хэлбэрт  шилжиж  сайдыг огцруулах хөдөлгөөн байгуулна шүү. Тэр муусайн жаалууд өөрсдөө л хортой бялуу олж идээ биз. Эсвэл цаанаас нь хятадууд орж ирээд бялууг нь хордуулсан байх.  Монгол,Оросын хамтарсан  гуравдугаар сургуулийг авах гэж оросууд  хүүхдүүдийн хоолонд хор хийсэн байж магадгүй гэж  Ж.Соронзон захирал ярьж байсан даа. Тэгвэл Ховдын Хөшөөтийн уурхайг авах гэж л муусайн хятадууд бялуунд хор хийчихсэн байж магадгүй.  За ер нь тэгээд хүүхдүүд хордоо л биз. Хэн тэднийг тэр бялууг ид гэсэн юм бэ. Ардын хүүхдүүд хордож л байг. Ямар албан тушаалтны хүүхдүүд хордсон биш. Нэртэй сүртэй танил талтай дунд сургуулийн захирлын бүрэн эрхэд дахин халдаж буруутантай нь хариуцлага тооцох гэж оролдох юм бол юу болохыг мэдэж байгаа биз, Ё.Отгонбаяр сайд аа. Танд хатуу анхаарууллаа шүү.

Л.Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж