Эхний ээлжинд 14 сургууль шинээр барина

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Эхний ээлжинд 14 сургууль шинээр барина

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, хаа дуртай газраа байшин барилга барих болсон. Хот руу шилжсэн их нүүдэл, орон сууцанд амьдахыг хүссэн иргэдийн хэрэгцээг ашиглан хэн нэгэн мөнгөтэй эрхэм дурын өнгө үзэмжтэй орон сууц барьж худалдан, түүний цаана иргэдэд шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн асуудлууд  орхигдсоор байгаа юм. Тиймээс энэ гажуудлыг засч, тэнд оршин сууж буй иргэдэд үзүүлэх, нийгмийн үйлчилгээг нэгэнт баригдсан хорооллуудад боломжтой төлөвлөлт гарган нөхөн бий болгох,  шинээр барьж эхлэх хорооллуудад энэ талын бодлогыг чанд мөрдүүлж ажиллах болно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр мэдэгдлээ. Тэрбээр нийслэлд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ энэ тухай анхааруулаад, “Улаанбаатар хотоос газар авч, хотын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд  хот байгуулалтад тавигдах, хот төлөвлөлтийн шаардлагыг орхигдуулсаар иржээ. Шинээр хорооллууд баригдаад байгаа хэдий ч тэнд сургууль, эмнэлэг, цэцэрлэг, гал команд барьсан нь үгүй. Энхтайваны гүүрнээс урагш олон сайхан хороолол баригдлаа. Гэтэл нийгмийн үйлчилгээгээ дагаад өглөөд нь Энхтайваны гүүрнээс хойшоо, оройд нь урагш тэмүүлсэн урсгал улам өргөжсөөр байна. Тиймээс бид хамтдаа энэ байдлыг засч залруулан, цаашид нийгмийн үйлчилгээг орхигдуулсан гажуудлыг засч ажиллана” хэмээн онцолсон байна.

    Нийслэл Улаанбаатар хотын 470 мянган га газар нутгийн 27680 га нь барилгажсан талбай. Нийслэлийн хүн амын  41,5 хувь нь инженерийн  бүрэн хангамжтай нийтийн зориулалтын орон сууцанд амьдардаг бол үлдсэн хувь нь гэр хороолын иргэд байна. Улаанбаатар хотод нийт 94 мянга орчим барилга, байгууламж бүртгэгдсэн байдгийн 2378 нь нийтийн орон сууц, 74192 нь гэр хороолол болон зуслангийн байшин, 10725 нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, 975 нь цэцэрлэг, сургуулийн барилга байгаа юм. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хот болон алслагдсан дүүргүүдэд одоо байгаагаас гадна ерөнхий боловсролын сургууль 48, цэцэрлэг 31 байх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хотын даргын өгсөн чиглэлийн дагуу тус газраас судалгаа хийж, одоогоор баригдаж буй орон сууцны хорооллын 27-н байршилд сургууль, цэцэрлэг байхаас эхний ээлжинд найман байршилд 14 сургууль, 22 цэцэрлэг шинээр барихаар  холбогдох компаниудтай хамтран төлөвлөлтийг нь гаргаад байгаа ажээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр уулзалтын төгсгөлд, баригдсан хэдий ч борлогдохгүй байгаа орон сууцнууд болон орон сууцанд орохыг хүссэн иргэд гэсэн хоёр асуудлыг хамтатгах талаар ч цаашид ярилцаж, хотоо зөв, цэгцтэй хөгжүүлэхэд барилгын компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж