
Энэ сарын 3, 4-нд болсон тус тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болж, аваргууд тодорсон юм. Харин манай тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Б.Жанчивдорж /90 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Бат-Орших /-100 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Х.Мөнхбаатар /+100 кг/ нар барилдсан юм.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүч үзсэн Э.Энхбатын хувьд В хэсэгт сугалаа таарч, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хонгконгийн бөхийг цэвэр, дараа нь БНСУ-ын бөх Ким Кван-Хог мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө мөн БНСУ-ын жүдоч И Кюн-Вонг юүкогоор ялсан боловч аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Камил Магомедовт цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн тавцанд гарчээ.
Харин -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн D хэсэгт барилдаж, эхний барилдаандаа хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Сун Чан-Хунг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөө Францын бөхөд вазари үнэлгээгээр ялагдсанаар дагах барилдаанд зодоглох эрхтэй болжээ. Улмаар Чехийн Лукаш Крпалекийг цэвэр ялж, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Иван Першинг мөн цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Б.Тэмүүлэнгийн хамт -100 кг-д зодоглосон Н.Түвшинбаяр, Б.Бат-Орших нарын тухайд эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Энэ өдөр барилдсан манай бусад жүдочдын тухайд 81 кг-д Г.Түвшинжаргал Индонезийн бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ким Жэ-Бумд ялагдсанаар дагах барилдаанд зодоглож, мөн БНСУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол О.Ууганбаатар Францын бөхийг ялж, Японы Такахиро Накаид ялагдсанаар дагах барилдаанд барилджээ. Тэрбээр дагах барилдаанд Хятадын бөхийг ялж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон ч хүрлийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Арсень Пшмаховт ялагдсан байна.
Харин 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнийг орхисон бол Б.Жанчивдорж эхний барилдаандаа ялагджээ. Харин хамгийн хүнд жин болох +100 кг-д хүч үзсэн Гуанжоугийн Азийн нааадмын хүрэл медальт Х.Мөнхбаатар мөн л эхний тойрогт БНСУ-ын бөх Ким Сү-Хванд ялагдаж, Сувоны татамиг орхисон байна.
Харин тэмцээний эхний өдөр манай жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/ алт, Д.Төмөрхүлэг /60 кг/ мөнгөн медаль хүртсэн бол Ч.Болдбаатар /60 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57/ нар хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү Монголын жүдочид Сувоны “Дэлхийн цом”-оос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.