Хятадын алтны импорт тав дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Хятадын алтны импорт тав дахин нэмэгджээ

БНХАУ-ын алтны импорт энэ онд асар их буйгаас дэлхийн хэмжээнд шар металлын олборлолтоор тэргүүлдэг энэ улс одоо гадаад орноос хамгийн их алт худалдан авсан улс болж байна. Юанийн ханшийг өсгөх болж буй мөнгөний бодлого, инфляцийн өсөлтөөс хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчид алтыг худалдан авах нь нэмэгдсэн аж. Харин байдал энэ эрчээрээ байвал БНХАУ дэлхийн хэмжээнд алтны хамгийн том хэрэглэгч болж, Энэтхэгийг ардаа орхиход ойрхон байгаа юм. Цаашлаад хөрөнгийн биржүүд дээрх алтны үнийг тогтооход ч голлох үүрэг гүйцэтгэгч болж болзошгүй.

Энэ оны эхний арван сарын хэмжээнд Хятад нийт 209 тонн алтыг импортоор худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин илүү байгаа юм. Энэ талаарх мэдээллийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Бээжингээс өгсөн байна.

„Хөрөнгө оруулалт алтыг чиглэх нь маш ихээр нэмэгдэж байна. Иргэдэд хөрөнгө оруулах үүнээс илүү сонголт одоогоор алга. Хөрөнгийн бирж, хувьцааны үнэ, өмчийн зах зээлийг хар л даа. Тэнд асар их алдагдал хүлээж байна шүү дээ“ хэмээн Бээжингийн үнэт металлын бирж дээрх нэгэн шинжээч хэлжээ.
Хятадын Засгийн газар наймдугаар сард алтны жижиглэнгийн худалдааг дэмжсэн мэдэгдэл хийж, дотоодын алтны зах зээлийн бодлогод өөрчлөлт оруулж, хэд хэдэн банкинд алт импортлох эрхийг олгосон юм.

Тус улсын алтны эрэлт цаашид шар металлын үнийг өсөхөд нөлөөлөх магадлал өндөр байна. Өнгөрсөн сард нэг унц алт 1424.10 ам.доллар болж, рекорд тогтоож байсан юм. Гэхдээ 1980 онд алтны ханш одоогийн үнэлэмжээр 2300 ам.доллараас давж байсантай харьцуулахад өнөөгийн үнэ харьцангуй бага байгаа билээ.

Алтны нийт эрэлт Хятад улсад өнгөрсөн жилд бараг 450 тонн болж өсч байсан юм. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр гаруй дахин их байгаа хэмээн Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлж байна. Харин 2010 оны хэмжээнд импорт болон дотоодын худалдан авалт нийлээд Энэтхэг улсын 2009 оны нийт эрэлт болох 612 тонноос ч илүү байх шинжтэй байгаа гэж шинжээчид хэлжээ.
Баасан гаригийн арилжаанд алтны үнэ хоёр хувиар өсч, унц нь 1408,19 ам.доллар болсон нь арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс хойшхи хамгийн өндөр хэмжээ болов.

Мөнгөний үнэ 2,7 хувиар өсч, 29,29 ам.доллараар унц нь арилжаалагдлаа. Шинжээчид тус металлын дундаж үнийг 2011 онд 30 ам.доллар байж, хамгийн дээд хэмжээ нь 35 ам.доллар болно гэсэн байна. Харин алтыг 1600-1950 ам.доллар хүрэх ч дундаж үнэ нь 1400 ам.доллар байна гэж „Goldman Sachs“ мэдээлжээ.
Бусад металлын үнийн хувьд цагаан алт 0,8 хувиар өсч, унц нь 1721,49 ам.доллар болсон бол паллади 0,7 хувиар өсч, 764,47 ам.доллар болсон байна.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж