Европын хүйтрэлээс болж нефтийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Европын хүйтрэлээс болж нефтийн үнэ өсөв

Европт цаг агаар цочир хүйтэрч, их хэмжээний цас орж буйгаас болж нефтийн ханш сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй өндөр хэмжээ болох 90 ам.доллараас давсан байна. Тус бүсийн хэрэглэгчид халаалт, цахилгааны хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа төдийгүй БНХАУ-ын өсч буй хэрэглээ үнэд нөлөөлж байна.

Шинжээчдийн тооцоолсноор газрын тосны хуримтлал их хэмжээгээр багассан байгаа аж. АНУ-ын хувьд л гэхэд өнгөрсөн долоо хоногт шатахууны нийт хуримтлал 3,3 хувиар багассан байна. Ингэснээр Нью Йоркийн бирж дээрх нэг баррель „WTI“ нефтийн үнэ 89,19 ам.доллар болж, 6,5 хувиар өсчээ. Харин Лондонд Брент нефть 6,8 хувиар өсч, 91,85 ам.доллар болсон нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болсон байна.

„Goldman Sachs“ банк АНУ-ын „WTI“ маркийн газрын тосны дундаж үнэ ирэх онд 100 ам.доллар, харин 2012 онд 110 ам.доллар байна гэсэн бол Брентийг дунджаар 95 ам.доллараар арилжаалагдаж байна гэж тооцоолж буйгаа мэдэгдсэн байна. Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК байгууллагын сайд нар энэ сарын 11-нд Эквадор улсад хуралдаж, газрын тосны олборлолтоо нэмэх эсэх дээр шийдвэр гаргах юм. Гэхдээ ийм шийдвэр гаргах магадлал улам бүр буурч байна.
Эрчим хүчний зах зээлд зуухны нүүрсний үнэ Европын хөрөнгийн биржүүд дээр тонн нь 115,50 ам.доллар болж, мөн хоёр жилийн өмнөх үнэтэй ижил төвшинд очжээ. Цахилгаан станцыг ажиллуулахад ашигладаг энэ нүүрсний үнэ нэгдүгээр сараас хойш 48 хувиар өсөөд байгаа юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж