Банкнаас 15 сая орчим төгрөг луйварджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Банкнаас 15 сая орчим төгрөг луйварджээ

Монгол залуус Германы “WELS FARGO” банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл рүү нэвтэрч, дансан дахь мөнгөнөөс ашигласан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан. Уг хэргийг 20-25 насны гурван залуу үйлдсэн бөгөөд тэд тус банкны хадагаламж эзэмшигч 16 хүний мэдээлэл бүхий хуурамч картаар Монголдоо гүйлгээ хийж байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, тэднийг саатуулаад байгаа билээ. Одоогийн байдлаар 16 картаар 15 сая орчим төгрөгийн гүйлгээ хийснийг тогтоожээ. Мөрдөн байцаалтаар мөнгөний тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай гэдгийг ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Т.Сайнжаргал  хэлж байна.

Энэ хэргийн талаар эргэн сануулахад, Германы “WELS FARGO” банкны мэргэжилтнүүд өнгөрөгч дөрөвдүгээр сард үйлчлүүлэгчдийн картын данснаас мөнгө алдагдаж байгааг  гэнэт мэджээ. Тэр даруйдаа дотооддоо хяналт шалгалт хийснээр алдагдсан мөнгийг Монголд ашигласныг тогтоосон байна.  Сонирхолтой нь хадгаламж эзэмшигчид Монголд нэг ч удаа очиж байгаагүй аж. Тиймээс хадгаламж эзэмшигчдийнх нь картаар Монголд төлбөр, тооцоо хийгээд байгаагийн учрыг тодруулахаар манай улсын хууль, хяналтын байгууллагад хандсан байна. Германы банкныхан Монгол руу албан ёсны баримтыг илгээж, луйварчдыг илрүүлэн үйлчлүүлэгчдийг нь хохиролгүй болгож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, хэргийн сэжүүрээр хөөсөөр тэднийг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд гэрээс нь баривчилжээ. Залуусыг гэрээс нь баривчлахад 20 гаруй хуурамч иргэний үнэмлэх, карт, карт үйлдвэрлэдэг техник тоног төхөөрөмж байсныг цагдаагийнхан эд мөрийн баримт болгон хураан авчээ. Тэдэнд залилан мэхлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, хуурамч мөнгөн тэмдэгт үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл ашигласан  зэрэг үйлдэлд нь 15 хүртэлх жилийн ял төлөвлөсөн байна. Гэмт этгээдүүдийг Д.Энхцогт, Э.Жавхлан, С.Болор гэдэг бөгөөд бүгд хангалуун амьдралтай айлын хүүхдүүд байсан аж. 20 настай Д.Энхцогт нь ХБНГУ-д арван жилийн боловсрол эзэмшиж, тус улсад 12 жил амьдарсан бол 22 настай Ж.Жавхлан Ирландад зургаан жил амьдарсан байна. Харин С.Болор нь Санхүү, эдийн засгийн сургуульд сурч байсан, нөгөө хоёроосоо хамгийн ахмад нь буюу 25 настай гэнэ. Монголд анх удаа 20 гаруйхан насны залуус гадаадын томоохон банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл рүү нэвтэрч, ашигласан тохиолдол ийнхүү бүртгэгджээ.

Дашрамд дуулгахад, манай улсад кибер довтолгооны эсрэг хариу үйлдэл хийх үндэсний төв ажилладаг. Тэд сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг эрс өсч буй нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлэл учруулж болзошгүйг анхааруулсаар байгаа. Тус төвийнхний хийсэн судалгаагаар Монголд жилд дунджаар 150 орчим кибер халдлага болдог байна. Манай улс мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн болон бусад кибер довтолгоог илрүүлэх, хамгаалах, түүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх байгууллага байгуулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр олон ажлыг хийх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж байна.

Н.Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж