Оросууд шинэ вирусийг судлахаар Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ вирусийг судлахаар Монголд ирнэ

Оросын эмч нар Монголоос илэрсэн шувууны ба гахайн томуугийн шинжийг агуулсан шинэ вирусийг судлах сонирхолтой байна.

«Сандрах зүйл байхгүй. Тэр нь манай хилийн ойролцоо болж байгаа учраас л бид үүнийг сонирхож байна” хэмээн «Интерфакс» агентлагт “Роспотребнадзор”-ын удирдагч, Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдсэн байна. “Манай монгол түншүүд тэнд H3N2 гэх томуугийн вирус илэрсэн гээд байгаа юм. Бид Гадаад яамаар дамжуулан Монголд байгаа клиникийн материалтай нь танилцах хүсэлтээ гаргаад байна” гэж  Г. Онищенко мэдэгдэв. Түүний хэлснээр томууг судлах бүс нутгийн «Вектор» гэх төвийн мэргэжилтнүүд Монголд илэрсэн шинэ томууг судлах сонирхолтой байгаа гэнэ. Ердийн томуунаас ялгагдаад байх зүйлгүй тэр томууг судлахад шинэ материал хэрэгтэй байна гэж тэр онцолжээ.

Монголд мэргэжилтнүүдийн судалгаанд огт ороогүй шинэ вирус илэрсэн ба түүний шинж тэмдэг нь шувууны ба гахайн томуугийн шинж тэмдэгтэй адилхан ажээ. Монголын халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах хэсгийн дарга Чулуунбатын Уртнасан мэдэгдэхдээ шинэ вирусийг H3N2 гэх ангиллынх гэсэн байна.

Улаанбаатарт шинэ вирусийн халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Бага насны хүүхдэд шинэ вирус хамгийн аюултай ажээ.

Мөн Уртнасан тайлбарлахдаа одоо эмч нар H3N2 вирусаас хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгаа гэв. Тэрээр хамгийн гол нь шинэ вирус авахгүйн тулд ханиад томуунаас организмаа хамгаалах хэрэгтэй гэж үзсэн байна. Томуунд суларсан организм шинэ вируст нэрвэгдэх нь амархан ажээ.

Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид шууд хандахыг тэр зөвлөсөн байна. “Ажил дээрээ, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг хийж байхыг” Уртнасан зөвлөжээ. Сануулахад, арваннэгдүгээр сарын эхээр Оросын эмч нар дэлхийд шинэ вирус гарч ирсэн  мэдээг авсан юм. Оросын “Роспотребнадзор” байгууллага тэр үеэр АНУ-д  хоёр хүнээс H3N2 вирус илэрсэн тухай мэдээлэл өгч байлаа гэж Рамблер.ру мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж