I Тупоу вангийн дурсгалын өдөр

Аралд мал авчирч байгаа нь
I Сиаоси Тупоу ван (1797-1893) Тонгагийн чухал зүтгэлтэн байсан ба түүний ухаалаг бодлого уг арлыг колончлохоос нь XIX зуунд аварч чадсан гэдэг. Тэрээр Тонгатапын бусад омгийнхныг нэгтгээд иргэний дайныг нь дуусган 1852 онд ольтригийн эрх мэдлийг өөртөө авсан байв. Түүнийг ван байх үеэр 1858 онд Тонгагийн анхны бичмэл хуулиуд гарсан ба 1862 онд боолчлолыг тэрээр бүрэн халсан байлаа. Ван анхны парламентыг үүсгээд 1875 оны энэ өдөр анхны Үндсэн хуулиа батлуулжээ. Уг хуулиар Тонга вант улс болж, I Сиаоси Тупоу ван Туи Канакуполу гэсэн цол авсан байв. Энэ өдрийг Тонгагийн хаант засаглалын эхлэл гэж тэнд тэмдэглэдэг.
Хувилгаан Варварагийн өдөр
Католикийн хуанлид энэ өдөр нь хувилгаан Варварагийн (St. Varvara"s Day) дурсгалын өдөр юм. Түүнтэй холбоотой сонирхолтой домог байдаг.
Шаналан тарчлагч Варвара нь онгон шүтлэгтэй Диоскорын охин байсан ба Максимиан Галерийн (305-311) эрх барьж байсан цагаар Финикийн Илиополь хотод амьдарч байжээ. Тэрээр эхээ нялхдаа алдсан ба орчинд нь цөөнгүй христийн шашинтнууд байсан гэнэ.
Диоскор хайртай охиноо нууцаар христийн шүтлэгтэй болсныг мэдээд машид ихээр уурлан тусгай цамхаг бариулан хорьжээ. Гэвч тэр эмэгтэй шашнаасаа татгалзсангүй. Нэгэн удаа Диоскор охиноо сэлэмдэх гэхэд нь Варвара зугтаж чадсан гэнэ. Эцэг нь түүнийг хөөж гүйцээд ирэх үеэр замд нь уул ургажээ. Варвара бурханд хандан тусламж гуйхад уул завсар гарган түүнийг оруулаад орой дахь агуйдаа авчирсан гэдэг. Иймээс ч хувилгаан Варвараг уурхайчдын ивээгч гэдэг.
Гэсэн ч уул түүнийг нуугаад байж чадсангүй. Диоскар охиноо малчдын тусламжтайгаар олоод зодсон гэнэ. Дараа нь түүнийг харанхуйд хорин, өлсгөлөнгөөр шашнаас нь татгалзуулах гээд барсангүй. Тэгээд тэр христийнхнийг мөшгөгч, захирагч Мартианд охиноо өгчээ.
Мартиан урт хугацаанд хувилгаан Варвараг онгон шүтээндээ мөргүүлэхээр оролдоод чадаагүй учир түүнийг тамлан хөнөөжээ. Бурхан Варвараг зовоон тарчлаагч Диоскор ба Мартианыг гэсгээн цээрлүүлж аянга буулгасан гэдэг.
VI зуунд агуу тарчлагч Варварагийн чандрыг Константинополь хотод авчирсан байв. Дундад зууны үеэр тэр эмэгтэйг ертөнцийн эзний 14 хувилгаан туслахуудын нэг ба үхлийн цагийг хөнгөлөх тэнгэрийн элч гэдэг байлаа.
Үзэл бодлынхоо төлөө шаналагч тэр эмэгтэйн гайхамшигтай зургуудыг Анежийн сүмийн Дундад зууны үеийн урлагийн үндэсний галерейд харж болно. Тэр зургуудын нэг онцлог нь зурагт цамхаг ба уулс огт дүрслэгдээгүй.
Эртний орос домгоор бол Византийн эзэн хаан Алексий I Комнины (1081-1118) охин вангийн хатагтай Варвара Оросын ван Святополк Изяславовичийн эхнэр болохдоо агуу тарчлаач Варварагийн чандрыг 1108 онд Киевт авчирсан нь одоо Владимирийн сүмд байдаг ажээ.
Өдрийн ишлэл
“Хэрэв өнөөдөр Исус Христос буугаад ирсэн бол түүнийг хэнч ад үзэхгүй. Түүнийг хоолондоо урьж сонсоод үнэн сэтгэлээсээ инээлдэх байсан биз”
(Британийн түүхч бөгөөд нийтлэгч Томас Карлейль, 1795 оны энэ өдөр төржээ)
Томас Карлейль
Бусад ишлэлээс: “Анархи хэчнээн толгой эргүүлсэн ялалтад хэзээ ч хүргэдэггүй”
“Хүнийг хүнтэй бэлэн мөнгө л холбодог”
“Биднийг баатрууд захирдаггүй гэдэгтэй санаа нийлэх нь ардчилал гэдэг нь юм”
“Хамгийн том гэм бол өөрийн гэм бурууг үл мэдрэх явдал мөн”.
Үйл явдал
Жак Маркетт Чикаго хотын буурийг тавьжээ
1674 он: Иезуит даяанч 38 настай Жак Маркетт индианчуудыг христийн шашинд оруулах мөн Их нууруудын орчинг судлах зорилготой 1666 онд Хойд Америкийн Францын колонид очсон байв.
Мичиган нуурын баруун өмнөд хэсэгт тэр өвөлжихөөр даяанчдын сууринг 1674 онд байгуулсан нь хожмын Чикаго хот юм. Одоо энэ хот хүн амын тоогоор АНУ-ын гурав дахь том хот бөгөөд санхүү, эдийн засгийн хоёр дахь төв нь юм.
Chicago (Чикаго) нэр нь нутгийн майами-иллинойс индиан овгийнхны «shikaakwa» «зэрлэг сонгино» гэсэн үгийг хазгайгаар дуудсан франц хэллэг ажээ. Хотын статусыг уг суурин 1837 онд авчээ.
Маркетт ба үслэг эдлэл худалдан авагч Луи Жолье нар таван туслагчтайгаар 1673-1675 онуудад Баруун дунд нутгийн голоор 4000 км замыг каноэ завиар туулсан их аянг хийн хамгийн анх удаа европчуудаас Миссисипи мөрний сав газрын баруун хойд хэсэгт хүрч чадав.
Тэд голд ч тэр нэрийг өгсөн байв. Индиан нэг омгийнхны хэллэгээр тэр нь “Их мөрөн” гэсэн утгатай. Үүний зэрэгцээ францчууд Их нууруудаас эхлэлтэй уг гол Номхон далайд биш, Атлантын далайд цутгадагыг олж тогтоосон гэдэг.
«The Observer» сонины анхны дугаар хэвлэгджээ
1791 он: Лондон хотноо 1791 оны энэ өдөр долоо хоног тутмын «The Observer» («Ажиглагч») сонины эхний дугаар гарсан ба түүнийг ирланд залуу Уильям Борн үндэслэсэн байв.
Өөрийн сониныхоо санхүүгийн амжилтад итгээд тэр үеийн асар их мөнгө болох 100 фунт стерлингийн зээл авсан байна. Гэвч тэр залуу гурван жилийн дараа 1600 фунтын өртэй болсон байв.
Өрийн шоронд орохгүйн тулд Борн сонингоо төрсөн ахдаа худалдсан аж. Ах нь гайгүй бизнесмен байжээ. «The Observer» сонинд алдар нэр нь 1812 онд ирэв. Тэдний нэг сурвалжлагч Английн ерөнхий сайдыг хөнөөж байхад нь гэрч болсноос гадна тэрээр алуурчинг барьж чадсан байлаа.
«The Observer» өнөөг хүртэл оршин тогтнож чаджээ. Тэнд тусгай сурвалжлагчаар Жорж Оруэлл ба Ким Филби нар ажиллаж байв.
Британийн өдөр тутмын 1821 онд үндэслэгдсэн «The Guardian» сонинд «The Observer» 1993 онд нэгдэн нэг хэсэг нь болжээ. Өмнө нь язгууртны гэж байсан «The Guardian» одоо зүүний чиглэлийг барих болсон байна.