Эй Си Милан Улаанбаатарт

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Эй Си Милан Улаанбаатарт

Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хотын даргын Вена, Милан хотод хийсэн ажлын айлчлалын танилцуулга хийгдлээ.  Австрийн Вена хоттой хот байгуулалт, дэд бүтэц, соёл урлагийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна.  Вена нь эртний түүх дурсгал болон соёлын өвөө хадгалан үлдсэнээрээ алдартай. Түүнчлэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг амьдрал дээр хэрэгжүүлж буйгаараа онцлогтой хот гэж Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Амарсанаа онцлов.  Тус хотын захиргааны зүгээс энэ бүх туршлагаа хуваалцахад бэлэн гэдгээ хэлжээ.  Мөн Улаанбаатар хотоос  давтан болон богино хугацааны сургалтуудад мэргэжилтэн суралцуулах боломжтой гэжээ.  Хотын дарга Г. Мөнхбаяр Венад айлчлахдаа  тус хотын цэвэршүүлэх байгууламж, хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, утаагүй  нүүрсний үйлдвэр болон газар ухахгүйгээр газар доорхи бохир, цэвэр, халуун хүйтэн усны шугам сүлжээг сайжруулах ажилтай танилцсан байна.   Энэ айлчлалын үр дүнд Вена  хотын  хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн судалгааны баг Улаанбаатар хотод ирэх оны 2 дугаар сард ирэхээр болжээ.  Уг багийнхан техник эдийн засгийн судалгаа хийж өгөх гэнэ.  Европ даяар   хог боловсруулж, улмаар эрчим хүч гаргах 94үйлдвэр байгуулсан асар туршлагатай багийнхан ирнэ гэсэн үг. Нийслэл хотод  эрчим хүчний шинэ эх үүсвэр хайж буй энэ цаг үед тун хэрэгтэй ажил болсон гэж байв.  Италийн Милан хотод усан цахилгаан станц, цэвэр усны байгууламжууд, авто зам, нийтийн тээврийн удирдах газар болон замын компаниудтай Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр танилцжээ.  Мөн энэхүү айлчлалын үеэр  Үндэсний дуур бүжгийн академик театр болон Дэлхийн сонгодог урлагийн төв болсон Ла Скала театрын хамтын ажиллагааны гэрээ,  Үндэсний  байгалийн түүхийн музей Милан хотын түүхийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд хотын дарга оролцсон байна.  Миланы айлчлалын үр дүнд хөлбөмбөгийн хорхойтнуудыг баярлуулах үйл явдал болох нь.  Ирэх оны 1 сард Миланы хөлбөмбөгийн алдарт баг Эй Си Милан багийн  тоглогчид Улаанбаатар хотод айлчилж ирэхээр болжээ.  6 дугаар сард Милан хотын соёлын өдрүүд болох юм байна.  Уг арга хэмжээний үеэр сонгодог урлаг, кино, эстрад, загвар үзүүлбэрийн арга хэмжээ зохиогдохоор тохиролцжээ.

Эх сурвалж: www.mayor.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж