Цагдаагийн албан хаагчид байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албан хаагчид байртай боллоо

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдсан 12 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо өчигдөр ашиглалтад хүлээн авлаа. 

Аймгийн цагдаагийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Орон сууцны санхүүжилтийн корпораци хамтарч ажиллах гэрээ байгуулан, Засгийн газрын бондын хөрөнгөөр санхүүжүүлж орон сууц барихаар болсон юм. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид  20 жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авч, 42.4-43.6 сая төгрөгөөр 101.1-104 м/кв талбай бүхий, амины хоёр давхар орон сууцтай болж байна.    
 
Барилгыг хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Орон сууцны санхүүжилтийн корпораци, барилгын ажлын гүйцэтгэгч “Цома” компани, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцов.

Орчин үеийн инженерийн шаардлага хангасан тохилог байртай болсон цагдаагийн албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ. Тэрээр Засгийн газар цаашид орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахад урьдын адил анхаарах болно. Үүнд орон нутгийн засаг захиргаа, албан байгууллага, иргэдийн өөрсдийн оролцоо ч чухал гээд сүүлийн хоёр жилийн хугацаанд Зуунмод хотод 58 айлын орон сууц ашиглалтад ороод байгааг тэмдэглэв.

Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбосон орон сууц /Хуульчдын хотхон/-ны барилга угсралтын ажлыг Засгийн газрын бондын хөрөнгө болон иргэдийн урьдчилгаа төлбөрөөс санхүүжүүлжээ.

Барилга баригдсан хугацааны бондын хүүгийн зардал болох 75 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж орон сууцны үнийн дүнгээс чөлөөлүүлэхээр Сангийн яам, Орон сууцны санхүүжилтийн корпораци тохиролцсон байна.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээлийн материалаа бүрдүүлсэн төрийн 2589 албан хаагчийн хүсэлтийг Орон сууцны санхүүжилтийн корпораци судлан 2300 хүний 80 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж