Газрын гүний дулаанаар хангаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Газрын гүний дулаанаар хангаж байна

Төв аймгийн Зуунмод хотын Зүүндэлгэр багийн “Ирээдүй” цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаан ашиглан халаах туршилт хийсэн нь амжилттай боллоо.

Хөрсөнд шингэсэн нарны цацраг дулааны энерги болон хувирч, тодорхой гүнд тогтмол  хадгалагддаг. Үүнийг насос ашиглан авч барилга, байшинг дулаанаар хангадаг технологийг  нутагшуулах зорилт ийнхүү бодит ажил болж байна.  

Энэ аргыг Зүүндэлгэр багийн сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын больницын барилгад нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжинд “Ирээдүй” цэцэрлэгийн халаалтын системийг хүлээн авлаа.

60 хүүхэдтэй энэ цэцэрлэгийг дулаанаар хангахын тулд  100 метрийн гүн 24 цооног өрөмдөж дулаан дамжуулах хуванцар хоолой суулган, 90 кВт-ын чадалтай дулааны насос суурилуулсан байна. 

Насос нь 1кВт цахилгаан хэрэглэж 3-4 кВтын эрчим хүч үйлдвэрлэж байгаа бөгөөд туршилтын 15 хоногт үр дүнтэй гэдэг нь батлагджээ. Насос суурилуулахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах ч өртгөө 5-6 жилийн дотор нөхөх бүрэн боломжтой гэсэн тооцоо гарсан байна.

Цэцэрлэгийн барилгыг газрын гүний дулаанаар хангах барилга угсралтын ажлыг хүлээлцэх ёслол 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн   Зуунмод хотноо болж УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд тэргүүтэй хүмүүс оролцлоо.  
Газрын гүний дулааныг ашиглан байшин, барилгыг халаах нь түүхий нүүрс түлж, утаа ялгаруулан байгаль орчинг ихээр бохирдуулдаг, төсвийн зардлынхаа ихэнхийг алс холоос нүүрс татах, байшин барилгаа дулаанаар хангахад зарцуулдаг одоогийн байдлыг халах нэг боломж. Төв аймгийн Эрдэнэ суманд халаалтын энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ирэх жилийн төсөвт хөрөнгийг нь тусгаж батлуулсан гэж Шадар сайд М.Энхболд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Газрын гүний дулааны насос ашиглан дулааны хангамжийг шийдвэрлэх энэ технологийг 21 аймаг, 331 суманд нэвтрүүлэх загвар нь Төв аймгийн Зуунмод хотын Зүүндэлгэр багийн “Ирээдүй” цэцэрлэг боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж