П.И.Чайковский “Щелкунчик” балет

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

П.И.Чайковский “Щелкунчик” балет

Германы зураач, хөгжмийн зохиолч Е.Т.А.Хоффманнийн 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нь дэлхийн шилдэг үлгэрийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Эн үлгэрээс сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичжээ.

Энэ балетыг Орос, Европ, Америк гээд дэлхийн бүх театрууд жил бүрийн зул сарын баяраар тоглодог уламжлалтай аж. Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 25, 26-нд П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тайзнаа тоглодог байна. Энэ балетыг анх 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд Петербургийн Марийнский театрт анх тоглож байсан бол манай улсад 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байжээ.

П.И.Чайковскийн “Щелкунчик” балет
Дүрүүд: Маша /охин/
Маша /гүнж/
Щелкунчик /хүүхэлдэй/
Щелкунчик /ханхүү/
Дроссельмейер /Хүүхэлдэйн мастер/
Хулганы хаан
Машагийн эцэг
Машагийн эх
Хүүхэлдэйнүүд
Балетын үйл явдал 18 дугаар зууны сүүлийн Германы нэг жижигхэн хотод болно.

Эхлэл
Зочид ирсээр байна. Хамгийн сүүлд, хүүхэд бүхний хүндэтгэн хайрладаг Дроссельмейер ирнэ. Хүүхэлдэйн алдарт мастер энэ хүн, өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдийг авчирна.

Нэгдүгээр бүлэг
Сүлд модны наадам. Гэрийн эзэд болон зочид, Дроссельмейерыг тэсч ядан хүлээнэ. Түүнийг ирэнгүүт, цугларсан хүүхдүүдийг зочдын өрөөнд оруулж ирнэ. Баяр эхэлж, том багагүй бүгд хөгжилдөн бүжиглэнэ. Дроссельмейер үлгэрийн ид шидтэн мэт, хүүхэлдэйнүүдээ “амилуулан” бүжиглүүлнэ.

Тэдний дунд ханхүү, үзэсгэлэнт охиныг харгис хулганы хаанаас хэрхэн аварч байгааг харуулсан хэсэг, бүхний сонирхол татна. Гэнэт Дроссельмейер, самар цөмөж буй хүүхэлдэй Щелкунчикийг авчирна.

Щелкунчикийн зэрэмдэг дүр төрх, хүүхдүүдэд огтхон ч таалагдахгүй боловч Машад яагаад ч юм бэ энхрий дотно санагдана. Машагийн ах, дүрсгүй хүү, Щелкунчикт дургүйцэн түүний толгой нь тасалж орхино. Дроссельмейер хүүхэлдэйг засч Машад өгнө. Орой болж зочид явцгаана.

Хоёрдугаар бүлэг
Асрагч эх, Машаг өрөөнд нь оруулж, тайван унтахыг ерөөгөөд гарч явна. Маша удалгүй нойрссон боловч, баяр дээр үзэж харсан бүхэн түүнд гүн их сэтгэгдэл төрүүлсэн тул зүүд болон үзэгдэнэ.

Зүүд: Аймшигт хар хулганууд, сүлд модыг нь дээрэмдэн тонохоор дайрахад, эр зоригт Щелкунчик өөрийн дайчин эрсийг уриалан дуудаж, хулганы хааны их цэргийг ялан дийлнэ. Щелкунчикийг, ой гутам дүр төрхтэй болгон хувиргасан шидэт хар хүч, сарнин арилж, ханхүү болон хувирахад Маша ч үзэсгэлэнт гүнж болон хувирлаа.

Ханхүү гүнжийг дагуулан цасан охид амьдардаг шидэт ертөнцөд авчирна.

Гуравдугаар бүлэг
Амтат зүүд үргэлжилсээр…
Алсад үлгэрийн далай харагдлаа. Маша, ханхүүгийн хамт, түүний эдлэн газарт хөвж ирэхэд, харгис хар хүчний үлдэгдэл болсон сарьсан багваахайнууд манай баатруудад саад хийхийг оролдоно. Шидэт дохиур багваахайнуудыг үлдэн хөөнө. Үлгэрийн орныхон Маша, ханхүү хоёрыг баяр хөөртэй угтан тосч, баясгалант бүжгүүдээ хийцгээнэ.

Төгсгөл
Өглөө. Машагийн унтлагын өрөө. Асрагч эх нь аажимхан орж ирээд цонхны хөшгийг нээхэд, өглөөний нарны  туяа охиныг сэрээнэ. Маша үлгэрийн сайхан зүүднээсээ салж ядан байна. Асрагч эх хүүхэлдэй Щелкунчикийг элгэндээ чанга тэврэн суугаа, энхрий жаахан охиноо, гайхан харж зогсоно.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж