Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага хүлээлгэнэ

Нийслэл хот сая хол давсан хүн амтай, 260 гаруй мянган автомашинтай дэлхийн томоохон хотуудын тоонд зүй ёсоор бүртгэгдэх болсон. Гэтэл нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор 104 хүн нас барж, 3482 хүн гэмтэж бэртсэн байна. Тиймээс Замын цагдаагийн газраас энэ сарын 6-аас эхлэн дүрэм зөрчдөг жолооч нарт доорх аргаар хариуцлага тооцож эхлэхээр болжээ. Тэд торгууль төлөх үү,  жолоодох эрхээ хасуулах уу,  дүрмээ ягштал баримталж сурах уу гэсэн зарчмаар ажиллах гэнэ. Хэрэв жолооч та хаа нэгтээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол тодорхой хугацаагаар хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд цагдаа уулзварын аль нэг хэсэгт эсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон өмнөх постоос ирэх мэдээллийн дагуу жолоочийг зогсоож  хариуцлага хүлээлгэнэ. Замын цагда нар ачаалал нягтрал ихтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд таныг зогсоохгүй харин зорчих хэсгээс гаргаж тээврийн хэрэгслийг байрлуулна. Хамгийн гол нь хяналтын камертай уулзвараар дайран өнгөрсөн тээврийн хэрэгсэл бүр фото хэлбэрээр хадгалагддаг учир дүрэм зөрчөөгүй гэж зохицуулагчтай маргалдаад нэмэргүй баримттай байх аж.  Түүнчлэн дүрэм зөрчөөд, цагдаад баригдалгүй өнгөрч  болох ч гаргасан зөрчил камерт хадгалагдсан байх тул  маргааш, нөгөөдөр магад 10 хоногийн дараа ч таныг цагдаа зогсооно гэдгийг анхаарах  хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцогч жолооч нар гаргасан хууль, тогтоомж,  дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй бол Замын цагдаагийн алба хаагч нь зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгэнэ. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг “Зөвхөн дүрмээрээ хөдөлгөөнд оролц” гэсэн шаардлага тавьж байгаа аж.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж