Хууль бус Засгийн газрыг тараана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хууль бус Засгийн газрыг тараана гэв

Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинж тэргүүтэй төлөөлөгчилд улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдэл хүргүүлэх, Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт хандаж У.Хүрэлсүх, С.Баяр нар тэргүүтэй улстөрчдийн хууль бус үйлдлийг илчилсэн тул нэн даруй баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдэл хүргүүлж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээллээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан мэдэгдэлдээ “Монгол Улсад өнөөдөр хууль бус Засгийн газар ажиллаж  байна. Учир нь парламентад олонхын суудалтай МАХН саяхан намынхаа нэр, таних тэмдгийг өөрчилсөн нь ард түмэнд амалсан амлалт, УИХ-д эзлэх 46 суудал, орон нутаг дүүргүүдэд 2008 онд авч байсан суудлаасаа тус тус  автоматаар татгалзаж байгаа хэрэг. Тиймээс үйл ажиллагаа явуулж 2011 оны төсөвийг хүртэл хууль бусаар баталсан МАН нь УИХ-д, Хамтарсан Засгийн газарт, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд багтан ажиллах ямар ч эрхзүйн болон ёс суртахууны үндэслэл алга. Одоогоор хууль ёсны цорны ганц сужбьект нь Монгол Улсын ерөнхийлөгч та учир Үндсэн хуульд огт заагдаагүй, хүчин төгөлдөр бус болчихоод байгаа УИХ, Засгийн газрыг албан ёсоор тараах ёстой” гэжээ. Харин Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт хандаж “долдугаар сарын 1-ний үймээний гол буруутан, мөн улсын хөрөнгө завшиж, авлига хээл хахууль авсан С.Баярт 14 зүйл заалтаар, У.Хүрэлсүхэд 5 зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, хуулийн хариуцлага хүлээлгэх”-ийг шаардсан байна.

Түүнчлэн Монгол Улсад хууль бус засаглал тогтоон ард түмнээ мөхөөх замналыг сонговол ард түмэн Сүхбаатарын талбайд цугларч,  цаашдын хувь заяагаа  шийдэх болно гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж