“Nissan Leaf” үнийн дайн дэгдээж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Nissan Leaf” үнийн дайн дэгдээж магадгүй

“Nissan” компанийн шинээр үйлдвэрлэж байгаа цахилгаан машин АНУ-д шинэ жилийн худалдааны хямдралын үеэр ойролцоогоор 25,000 ам.долларын үнэтэй байх бололтой. Дөрвөн хаалгатай хатчбак загварын уг машины үндсэн үнэ нь 32,780 ам.доллар хэдий ч цахилгаан машин учраас холбооны татварын 7,500 ам.долларын хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Тэгснээр бусад өрсөлдөгч пүүсүүдийн машинтай харьцуулахад үнэ нь эрс хямдхан болно. Гэвч ердөө 100 миль яваад цахилгааныхаа баттерейг дахин цэнэглэх хэрэгтэй болох нь зарим хэрэглэгчдэд таалагдахгүй нь ойлгомжтой. “Бид олон нийтийн авч чадах, сонирхол татах машин үйлдвэрлэхийг хүсэж байгаа” гэж “Nissan North America Inc” компанийн үйлдвэрлэлийн технологи, төлөвлөлтийн захирал Mark Perry ярьж байна.

Зураг: “Nissan Leaf” автомашин
Энэ дөрөвдүгээр сарын 20-ноос “Leaf” машины хойд Америкийн захиалга эхэлнэ. Ирэх арванхоёрдугаар сар гэхэд 25,000 машины захиалга авахыг “Nissan” зорьж байна. Уг загварыг гарч байгаа эхний жилдээ дэлхий даяар 50,000 ширхэг зарна гэж “Nissan” найдаж байна. Үйлдвэрлэлийг Японы Оппамад эхлүүлж байгаа бөгөөд 2012 онд Теннесигийн “Smyrna” үйлдвэрт шилжинэ.
Энэ машиныг эхний ээлжинд АНУ-ын 20 том хотод 2011 оны сүүл гэхэд АНУ даяар худалдаалах боно. “Leaf” машины худалдааны үнэ харьцангүй нилээн хямдхан байгаа, машины түрээс сарын 349 ам.доллар байгаа нь өрсөлдөгч компаниудын дунд үнийн дайн үүсгэж болзошгүй юм. “General Motors Co” компани энэ оны сүүлээр “Chevrolet Volt” хэмээх цахилгаан машин гаргах гэж байгаа бөгөөд худалдаанд гаргахаасаа өмнө “Nissan”-ий үнийг харгалзаж  үзэх болно гэж мэдэгдсэн. “Volt”-ийн анхны үнэ нь 35,000 ам.доллар хавьцаа байх ба 7,500 ам.долларын худалдааны татварын хөнгөлөлтөнд хамрагдана.


Зураг: “Chevrolet Volt” автомашин

“Leaf”–ээс ялгаатай нь “Volt” цэвэр цахилгаан машин биш бөгөөд бензин, цахилгаан хөдөлгүүр хосолсон хайбрид машин байх болно. “Leaf” машин цахилгаан баттерейгээрээ 100 миль явах боломжтой гэдэг нь ихэнх америкчуудын өдөрт явдаг зай гэж “Nissan” тооцсон бололтой. “Leaf”-ын баттерейг бүрэн цэнэглэхийн тулд ердийн гэр ахуйн 220 вольтийн цахилгаанд найман цаг залгахад хангалттай. Хэрвээ 110 вольтын цахилгаанд залгаж байгаа бол түүнээс хоёр дахин удаан залгах хэрэгтэй. “Leaf”-ыг нэг удаа бүрэн цэнэглэхэд 2.8 ам.долларын цахилгааны мөнгө гарна. “Volt” харин арай жижиг баттерейтэй бөгөөд  баттерейгээрээ “Leaf” шиг хол явж чадахгүй. 220 вольтын цахилгаанд дөрвөн цаг уяад “Volt”-ийн баттерейг бүрэн цэнэглэнэ.
“Leaf”, “Volt” нар автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудаас нийтэд зориулан бөөнөөр үйлдвэрлэж байгаа анхны машинууд юм. Түүнээс өмнө хоёр суудалтай “Tesla Roadster” машин зах зээл дээр гарсан ч 100,000 ам.долларын үнэтэй байсан нь гагцхүү чинээлэг хүмүүсийн сонирхлын тоглоом хэлбэртэй байсан.

“Leaf” загвар Японд 40,000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Энэ загвараас санхүүгийн хувьд ашиг олно гэдэгтээ “Nissan” итгэлтэй байгаа. Учир нь үнэнд нөлөөлөгч нэг хүчин зүйл болох баттерейг “Nissan”, “NEC” компаниуд хамтран үйлдвэрлэсэн. Одоогийн байдлаар АНУ-д 81,000 хүн, Японд 9,300 хун тус машиныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. 2020 он гэхэд дэлхийн цахилгаан машины зах зээл 10 хувиар өснө гэж судлаачид тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж