Хөдөлмөрийн яармаг болов

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн яармаг болов

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс эрхлэн “Хөдөлмөрийн яармаг-2010”ыг зохион явуулав.

Яармагт 41 аж ахуйн нэгж 152 ажлын байрын захиалгаа ирүүлжээ. Энэ үеэр тус хэлтсээс ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр мэдээллийн цахим хуудсыг сурталчлав. Мөн ажилд зуучлах үйлчилгээ, мэргэжлийн сургалтын сурталчилгаа, ажлын байр нэмэгдүүлэх зээл, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон халамжийн багц хуулийн сурталчилгааг хийв.

Өмнөх хөдөлмөрийн яармагт зам барилга дагасан дэд бүтцийн салбарын ажлын байрны нийлүүлэлт их байсан бол энэ удаад зочид буудал, зоогийн газар, нийтийн ахуй үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их байв. ХХҮХ-ийн дарга Г.Сүхбаатар:- Манайх хөдөлмөрийн яармагийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ удаагийн хөдөлмөрийн яармагт боловсруулах үйлдвэр, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээ, боловсрол мэдээллийн салбар, барилга, уул уурхайн салбарын ажлын байр түлхүү ирсэн. Ажил хайж байгаа иргэдтэй уулзахад ялангуяа тэтгэврийн болон дөчөөс дээш насныханд ажлын байр байхгүй гээд ажилд авахгүй байна гэсэн гомдол их гарч байна.
Иймээс бид удахгүй аймагтаа тэдгээр насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа. Харин дээд боловсролтой иргэдийн ажлын зуучлалыг хувийн хэвшлийн зуучлагч компанид даатгах бодолтой байгаа гэлээ. Мөн үеэр хөдөлмөрийн биржийн мэдээлснээр Дархан суманд хөдөлмөрийн насны 55174 иргэн байгаа бол ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй 1850 иргэн байдаг байна. Цаашид оюутнуудын хөдөлмөрийг дэмжиж цагийн ажлын байрыг бий болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж ажиллах гэнэ.

Р.Бумдарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж