Албан тушаал буюу төр, түүний байгууллагаас иргэний зарим эрхийг хязгаарлан байж, итгэл үзүүлэн олгосон тодорхой эрх мэдлийг урвуулан ашиглаж өөртөө болон бусад этгээдэд “ашиг хонжоо, давуу байдал” гэх материаллаг, материаллаг бус ашигтай байдал бий болгосон бол авлигад хамаарах эрх зүйн зөрчил гаргажээ гэж үзнэ. Мөн төр, түүний байгууллагын эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан үүргээрээ хүлээсэн хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг авлига гэж үзэж байхаар Авлигын эсрэг хуулиар төр өөрийн бодлогоо хуульчлан гаргасан. Авлигын эсрэг хуульд заасан “аливаа эрх зүйн зөрчил” хэмээх өргөн ойлголт дотор нь нөгөө авлига гэж ойлгоод байгаа хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд багтаж бүрэлдхүүн хэсэг нь л болж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл авлигын зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байхаас гадна эрх зүйн зөрчлийн хэлбэрээр илэрдэг гэсэн үг. Тиймээс авлигыг дотор нь авлигын гэмт хэрэг, авлигын шинжийг агуулсан бусад эрх зүйн зөрчил гэж ангилан авч үзье.
Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар АТГ-ын мөрдөн байцаагчид харъяалуулсан гэмт хэргийг авлигын төрлийн гэмт хэрэг (хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд) гэж үзэх эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байна. Эрүүгийн хуульд заагаагүй олон төрлийн гэмт явдлыг (гэмт хэргийн замаар олсон мөнгийг угаах, хууль бусаар баяжих, хөрөнгө орлогоо нуух гэх мэт) НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх замаар гэмт хэрэгт тооцох асуудал яригдах болсон ч одоогоор эрх зүйн орчны гадна байна. Эрүүгийн хуулинд заасан гэмт явдлыг л гэмт хэрэг гэж үзнэ шүү дээ.
Тэгвэл авлигын зөрчил гэж юу вэ?
Онол талаас бол авлигын үйл ажиллагаатай холбоотой гарч буй захиргааны болон сахилгын зөрчлүүд, харин практик дээр авлигын эсрэг төрийн бодлого, шийдвэр хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг эс үйлдэхүй гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл авлигын гэмт хэргийн бүрэлдхүүнгүй боловч тодорхой санаа сэдэл, зорилгоор өөртөө болон танил талдаа, тал тохой татаж ашиг хонжоо, давуу байдал олгох, олж авах хууль зөрчсөн, шудрага бус явдал юм. Энэ нь төгс үйлдэгдсэн авлигын гэмт хэргийг хэд дахин нугалахуйц их хэмжээгээр гардаг, нөхцөл байдлыг хүндрүүлсэн бодит хүчин зүйл болчихсон үзэгдэл. Тулгамдсан боловч эрх зүйн орчны гадна байгаа асуудал гэдгээр харж арга баран суух хэрэггүй бөгөөд хуулиа зөв хэрэгжүүлж, ашиглах арга замаа олж түүнтэй тэмцэж болно. Зүгээр л иргэний, улс төрийн хүсэл зориг гарга, тэгж чадвал шийдэх арга нь арга замаа олох, эхлэх л юм билээ. Боломжууд байна. Хамгийн энгийн арга зам нь ил тод байх зарчимд тулгуурлан авлигын зөрчлийг нотлоод хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн дагуу мэдээллээр хангая. Энэ арга одоохондоо зөвхөн жишээгээрээ үлдэг.
Сонирхлын зөрчлийн тухай хууль, тогтоомжгүй одоо үед (Төрийн албаны тухай хууль, ёс зүйн дүрмүүдийн ганц нэг заалтыг эс тооцвол) авлигын шинжтэй зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох эрх зүйн зохицуулалт хангалтгүй боловч тодорхой хэмжээнд байна гэж үзэж байна. Эдгээр зөрчлүүд нь хууль бусаар мөнгө хандив цуглуулах, түүнийгээ дур мэдэн захиран зарцуулах, хүнд суртал буюу хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эдийн бус ашигтай байдал буюу давуу байдал бий болгох, эрх мэдэл төвлөрүүлэх, ашиг хожоо олоход чиглэсэн шийдвэр, дүрэм, журам гарган мөрдүүлэх, албан тушаалтанд хуулиар хориглосон зүйлийг зөрчих зэргээр илэрч байна. Хамтын буюу олонхийн шийдвэр гэдэг хариуцах эзэнгүй тендер, сонгон шалгаруулалтын зөвлөл, хорооны тухай хөндөөгүй байгааг анзаарна уу.
Авлигын нөхцөл байдал (авлигын гэмт хэргийн нөхцөл байдал биш)-д нөлөөлж буй өөр нэг асуудлыг энгийнээр нь авч үзье. Хууль сайн мэддэг, судалсан, эсвэл сайн хуульч, өмгөөлөгчтэй бол өдүүлсэн хэрэг нь гэмт хэрэг болохгүй л дээ гэсэн олон нийтийн ойлголтын цаана “сайн” яваа нэгнийг манай тэр тэгнэ ээ, одоо ч дийлдэхгүй ээ мөнгөтэй юм чинь, ах нь сайд юм хойно арга байж уу, сонгуульд мөнгө хаясан юм тэгэлгүй яах вэ эрх нь байгаа хойно гэсэн байдлаар “талд” нь орж хүлээн зөвшөөрөх хандлага илүүрхэж байна. Энэ нь гэмт хэрэг л болчихгүй бол ойр зуурын “ ялыг нь үүрээд ямбаа эдлэх” асуудал байна шүү дээ, эсвэл “улсад 10 саяийн ашиг орууллаа 100-г нь…” гэх сэтгэхүй албан тушаалтанд өөрийн мэдэлгүй л суулгаж амжина. Шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй л бол “бусад төрлийн хариуцлага” гэж санаа зовох хэрэггүй, үндсэн хуулийнхаа алтан эрхийг эдлээд бушуухан ажилдаа эргэн орно. Харин бусад улс орнуудад захиргааны, сахилгын, ёс зүйн гээд тохирсон шийтгэлээ хүлээнэ, итгэл үзүүлэх эсэх тухай асуудал яригдана.
Би реферат, диссертаци бичиж буй оюутан, судлаач шиг уншиж мэдсэн эх сурвалжаа тоочиж цаг авах хэрэг алга л даа. Гадаад улс орнуудын болон олон улсын байгууллагуудаас явуулж буй бодлого, арга хэмжээ юунд чиглээд байгааг хувь хүний үүднээс ч ажлын шаардлагаар ч цахим мэдээлэл хөгжсөн өнөө үе өдөр бүр хараад байхыг шаардаж байна шүү дээ. Иймээс энэ асуудлыг улс төрчид, эрдэмтэн судлаачид анхааралдаа авч, хуульчид, оюутан залуус сонирхон судлах нөхцлийг бүрдүүлээсэй, гол нь уг асуудлаар чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дагнасан бодлоготой байгаасай гэж хүсч байна.
Эцэст нь хууль зөрчигчид ногдох хариуцлага зөвхөн эрүүгийн шийтгэл, эсвэл гаргасан шийдвэр нь хүчингүй болоод өнгөрөх явдал биш. Энгийнээр хэлбэл гэмт хэргийг шалган тогтоох, шийдвэрлэх, шүүхэд олон шат дамжлагатай хэцүү, нарийн асуудал, харин хууль зөрчсөн асуудлыг тогтоогоод итгэл хүлээлгэх эсэх асуудлаар сахилгын болон захиргааны хариуцлага /халах, чөлөөлөх, торгох гэх мэт/ хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх нь одоохондоо тийм ч шийдэгдэхгүй асуудал биш юм. Эцсийн үр дүн хаана нуугдаж байгааг хамтдаа олцгооё .
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга
Ж.Батсайхан