З.Энхболд: Хувьцаа уусч 34 хувь буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Хувьцаа уусч 34 хувь буурч байна

Оюутолгойн Монголын талын 34 хувь буурч байгаа гэсэн үгийг сүүлийн үед УИХ-ын зарим гишүүний зүгээс хэлэх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболдоос тодрууллаа.

-Оюутолгойн Монголд ногдох 34 хувь буурч байгаа гэж хэлдэг гишүүний нэг нь та. Ямар шалтгаанаар хувьцаа буурч байна гэж та үзэж байгаа вэ?

-Оюутолгойн хоёр гэрээ байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн хоёр гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ ил байсан учраас бүгдээрээ мэдэж байгаа. Түүгээр бол манай талын 34 хувь ямар ч хөдөлгөөнгүй харагдаж байгаа. Гэтэл түүнийг хэрэгжүүлэх хувь нийлүүлэгчдийн гэрээн дотроо 34 хувийг багасгаж болох заалт орсон. 

Түүний дагуу 500 сая ам.долларын бонд зарагдаад, дахиад хоёр тэрбум төгрөгийн бонд зарах гээд байж байна. Хэрэв тэр бонд зарагдах юм бол Монголын талын 34 хувь багасна. Давуу эрхтэй хувьцаанд монголчууд оролцохгүй учраас тэр л дээ. Хувь нийлүүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ ингэж зөрчилдөж байна. Гэхдээ 34 хувийг шаардах, бууруулахгүй байх эрх бидэнд байгаа.

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 34 хувь буурахгүй гэдгийг албан ёсоор хэлж байна гэсэн. Энэ ямар учиртай вэ?

-Хувь нийлүүлэгчдтйн гэрээнд заасны дагуу давуу эрхийн хувьцаа нэмж гаргаад байна. Түүнд Монгол Улс оролцохгүй учраас манай хувьцаа уусаад байгаа юм. Уусахгүй байх талаар л арга хэмжээ авах ёстой.

-Давуу эрхийн хувьцаа гаргахгүй бол Засгийн газарт өрийн дарамт нэмэгдэх үү?

-Цорын ганц арга нь давуу эрхийн хувьцаа биш. Өчнөөн олон арга байна. Гурав, дөрвөн төрлийн аргаар санхүүжилт хийж байгаа.

-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр Ш.Сайхансамбуу гишүүний ахалсан ажлын хэсэг ажилладаг. Түүгээр энэ байдлыг хэлэлцэх үү?

-Тэр ажлын хэсэг ажиллаад дууссан. УИХ-ын 57 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтын гэрээ нийцэж байгаа эсэх талаар судалгаа хийсэн. Ажлын хэсгээс 57 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтын гэрээ нийцэхгүй байна.  Хөрөнгө оруулалтаа нөхмөгц 51 хувь болох ёстой гэсэн УИХ-ын чиглэл биелэгдээгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Ирэх долоо хоногт юм уу, түүний дараагийн долоо хоногт энэ талаар тогтоол гаргана.

 Нөгөө талаар, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр бас нэг зүйл нэмж биелүүл гэсэн үүргийг Засгийн газарт өгөх гэж байгаа. Өсөн нэмэгдэх роялтийн хууль гарсантай холбоотойгоор Оюутолгой ч татвар төлөх ёстой. Гэрээнд тийм өөрчлөлт оруул гэсэн үүргийг Засгийн газарт өгөх гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж