Тендерийг удирдах шинэ систем ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Тендерийг удирдах шинэ систем ашиглалтад оруулна

Сангийн яам Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн систем (ХААУХШМС)-ыг Дэлхийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус системийг ашиглаж эхэлснээр захиалагч байгууллагууд худалдан авах ажиллагааг зохистой байдлаар удирдан төлөвлөж, хяналт-шинжилгээ хийх боломжтой болох гэнэ.

Одоогийн ашиглаж буй худалдан авах ажиллагааны “www.e-procurement.mn” цахим хуудас нь захиалагч байгууллагуудын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нийтлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой хууль журам, тогтоол, шийдвэр, бусад мэдээллийг түгээх, тендер шалгаруулалтын урилга, үр дүнг нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй. Харин шинээр ашиглалтад орж буй ХААУХШМС нь дараах үүргийг гүйцэтгэх ажээ. Үүнд:

·    Захиалагч байгууллагуудын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийн сан;
·    Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, журам, тогтоол шийдвэрийн мэдээллийн сан;
·    Тендер шалгаруулалтын урилга, үр дүнгийн мэдээллийн санг тус тус үүсгэх, шинэчлэх;
·    Тендерт оролцох мэдүүлэг өгсөн байгууллагуудын бүртгэлийг хөтлөх;
·    Захиалагч байгууллагуудыг тусгайлан боловсруулсан программ хангамжийн тусламжтайгаар худалдан авах ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; 
·    Захиалагч байгууллагын худалдах авах ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцад нь хяналт-шинжилгээ хийх;
·    Худалдан авах ажиллагааны талаар гарсан гомдлын судалгаа болон түүнийг хянан шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийн санг байгуулах, шинэчлэх;
·    Тендерт шалгарсан байгууллагуудын бүртгэлийг хөтлөх; 
·    Худалдан авах ажиллагааны гэрээний бүртгэлийг хөтлөх;
·    Хүчингүй болсон тендерийн бүртгэлийг хөтлөх;
·    Байгууллага, салбар болон улсын хэмжээний худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх тайлан гаргах хэрэгслээр хангана гэжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж