“Архинаас гараач” гэсэн үг хүнд тусч байна шүү

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Архинаас гараач” гэсэн үг хүнд тусч байна шүү

Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулж явсан ахмад буурлууд маань насан өндөр болсон ч  гар хумхин зүгээр сууж чаддаггүй. Орон нутаг, олон нийтийн сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулсаар яваа нэгэн сайхан буурал бол Балжирын Даваадаш гуай юм. Тэрээр залуучууд, хойч үеийнхэн нь уламжлалт зан заншлаа умартан, ёс суртахууны доголдолд орж байгаад ихээхэн харамсаж явдаг бөгөөд зүгээр харамсаад суух биш энэ байдлыг засан сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулж  ажиллая гэсэн бодлоор төрийн бус байгууллага байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаагаа олон түмэнд танилцуулах, хүргэх зорилгоор бидэнд хандсан байна.

-Таны үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага нь ямар зорилгоор үйл ажиллагаа явуулах вэ?

– Залуучуудад Монгол ёс заншил, өв уламжлалыг сэргээн таниулах, анхааруулах цаг болсон байна гэж үзэж “Монголын өв уламжлал, зан заншлыг сэргээн хөгжүүлэх төв” байгуулан тамга, гэрчилгээг нь авлаа. Үр хүүхдүүддээ уламжлалт заншлыг өвлүүлэхээс гадна өв соёл дээрээ тулгуурласан, түүнийгээ шинэлэг өвөрмөц байдлаар хөгжүүлсэн ажил санаачилж, санаачилсан ажлыг дэмжиж ажиллах, ажилгүйчүүдийг ажилтай болгох зорилготой ажиллаж байна.  Энэ чиглэлээр хийх гэж төлөвлөсөн ажил, бичсэн зүйл зөндөө бий. Танай сонинд нийтэлж олон түмэнд хүргэх бодолтой байна. 

Сая би нэг Монгол гэр хийсэн залууд гэрчилгээг нь  авч өглөө. Гаднаас нь харахад энгийн л их таван ханат. Гэхдээ жирийн Монгол гэрийн  нэг хана 15 толгойтой байдаг бол энэ  гэрийн нэг хана 30 толгойтой. Бүхэлдээ 162 уньтай. Тоононы нэг нүхэнд  2 унь ордог гэсэн үг. Хананых нь нүд 8х8 см жижигхэн нүдтэй. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй гэр л дээ. Хийсэн эзэн нь Мөнхбаяр гээд залуу Бат-Өлзий суманд  бий. Уг нь манай хамаатангы хүүхэд. Гэхдээ гарын дүйт сайтай, юм хийх хүсэл тэмүүлэлтэй хүүхэд учраас би дэмжиж, гэрт нь 7 жилийн хугацаатай патент авч өгсөн юм.  Энэ мэтээр уламжлалт ёсоо хадгалж юм хийж байгаа залуучуудаа дэмжиж ажиллана.

Би саяхан гутлын тос хийлээ. Оюуны өмчийн газар үзүүлтэл давуу тал, зардал, худалдах үнэ ашиг гээд бүх тооцоог нь хийгээд, савлаад ир гэсэн. Тэрийг нь биччихээд байна. Харин сав нь олдохгүй юм. Гүүний саам гэсэн нүүрний тосны сав хэдийг цуглуулчихаад байж  байна. Хийгээд удахгүй аваачиж өгнө. Цаашдаа байгаль орчинд ээлтэй, хүний бие махбодид хоргүй олон төрлийн зүйл санаачилж л байна. Манай Бат-Өлзий суманд хоёр давхар байшингийн  хэмжээний үртэс ямар ч ашиггүй хураалттай байна. Тэрийг сарлагийн баастай хольж, түлш болгох тухай саналыг сумын Засаг даргад тавьсан.  Сумын малчид маань цас зуднаар малаа их хэмжээгээр дуусгасан, хөрөнгө мөнгөгүй болсноос ногоо их тарьж байна. Гэтэл ногоо тарих арчлах заавар журам нь байдаггүй. Тэгэхээр нь өөрт байсан ногоо тарих номоо олшруулаад тараагаарай гээд үлдээчихлээ.  Энэ ч гэсэн хүнсний бүтээгдэхүүн нэмэгдүүлэх ядуурлыг багасгахад бас л хувь нэмэр болох л байх даа.

-Залуучууд маань уламжлалт ёс заншлаа умартаж байна гэж та хэллээ. Энэ байдал тод ажиглагдаж байгаа жишээ хэлэхгүй юу?

 Одоо их хачин юм ажиглагдаад байна. Жинхэнэ ёсны уламжлалт заншлаа мэдэхгүй. Гэтэл янз янзын юм яриад байдаг. Асуухаар манай сумын ёс оо гэнэ. Би Бат-Өлзий сумын уугуул иргэн хүн. Тэндээс гэр бүлтэй болж амьдралаа үргэлжлүүлсэн. Гэтэл миний мэдэхгүй журам, дүрэм яриад тэрийгээ нутгийн ёс гээд байх юм. Үндсэндээ хүн бүхэн  санаа санаагаараа л зан заншил зохиодог болох нь. Уламжлалт ёс оо л барьж байх ёстой гэдэг үүднээс энэ төвийг байгуулж байгаа юм. Би хэдэн сайхан ёс заншлыг сануулъя. Жишээ нь нэг айл нүүжээ гэж бодъе. Дээр үед чинь тэмээ, үхэр тэргээд ачаалаад нүүхэд зам зуур тааралдаж байгаа айлын эзэгтэй нь хүүхдээ дагуулаад домботой цай, сүү айраг, тавгийн идээ бариад угтаж очоод цай уулгаад явуулдаг байсан. Айл нүүгээд очиход саахалт  айлынх нь хүмүүс, ойр хавь явсан хүн ирээд гэр орныг нь барилцаад, хот хороог нь засалцаад өгдөг байсан. Энэ заншлууд ор тас мартагдаж, айл нүүж ирж байхад гэрээсээ хамраа ч цухуйлгахаа байж. Айлд ороод зөвшөөрөл авч байж орон дээр нь суудаг байсан бол  одоо их багагүй хоймор нь очоод л суучихдаг. Ахмад хүнтэй тааралдаад “Та бид хоёр чинь золголуу яалаа” гэж асуугаад байх юм. Дээр үед золгохдоо тэгж  санал хурааж  байгаагүй. Шууд л золгодог. Ингэснээрээ тэр  хүнийг тэгж хүндэлж  байгаа хэрэг. Одоо бол гуйж байж золгоно. Энэ мэт эцэг өвгөдөөс уламжилж ирсэн дэг жаягийг  алдагдуулж байна. Үүнд би их эмзэглэж  явдаг юм.

-Ёс заншлаа мартаж, зөрчихөд ямар хор нөлөө үзүүлэх вэ?

– Улс оронд эдийн засгийн хохирол байхгүй. Харин хүмүүс хоорондын харилцаанд том ан цав гаргаж байгаа юм. Бидний өнөөдрийн байгуулж байгаа нийгэм чинь хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байх ёстой гэж Үндсэн хуулинд бичсэн байгаа. Гэтэл энэ хуультай авцалдахгүй байна. Саяхан телевизээр нэг сэтгүүлч ярьж байна лээ. “Та эрхээ эдэлж болно. Хариуцлага чинь таныг сүүдэр мэт дагаж яваа шүү” гэж.  Энэ үгийг би үнэхээр их таашаасан. Зөв юм ярьж байна лээ.

Хүн бүр би эрхээ эдэлж байна л гэдэг. Эрхээ эдэлж бололгүй яахав. Эдлүүлэхгүй гэсэн хүн хаана ч алга. Төр ч тэгээгүй, түмэн ч тэгээгүй. Гэхдээ би эрхээ эдэлж байна гэж ханхалзаад хүнийг дарамтлаад байвал энэ эрх мөн үү. Ахаа хүндэлж байна гээд архиа аваад өгдөг өнөөх нь эргээд агсам тавьдаг. Орчин үед ийм л ёс заншил зохиож  байна шүү дээ.

Залуучууд бичиг, үсэг мэдэхээ байж. Үл мэдэгч нар олширч байна. Тийм болохоор Данзанравжаа хутагтын хэлсэн “Хамгаалахын дээдээр хамгаалууштай нь эцэг, эх, төрсөн нутаг гурав. Хайрлахын дээдээр хайрлууштай нь өтгөс, нялхас, хань гурав” гэх сургаал, О.Дашбалбарын “Хэрэггүй үгний зэвээр хэн нэгний зүрх рүү битгий хатгаач ээ” гэх сургаалт шүлгийг мэдэхгүй л байгаа байхгүй юу. Йимэрхүү тархинд ухаарал суулгах үгүүдийг олоод уншиж чадахгүй байгаа хүмүүс чинь зөв амьдрах хэцүү биз дээ. Тийм болохоор архи их ууж байна. Хүний үг авахгүй байна. Архинаас гараач гэсэн үг авгайгаасаа салаач гэсэн үгнээс хүнд тусч байна шүү. Зан заншлаа умартсан, дэг жаягаа мартсанаас архинд орж байгаа гэж хэлж болно. Урьд цагт архи гэдэг идээ ундааны дээд л байлаа. Одоо бол хор болгож хэрэглэдэг.  Архинаас гарах гэж  нуруундаа “спераль” гэдгийг “бэхлүүлж”, элдэв эм уудаг болсон гэнэ. Үүний оронд эцэг өвгөдийн үгийг сонсож, тархиа ажиллуулах хэрэгтэй шүү дээ.

-Үйл ажиллагаагаа явуулахын тулд аймаг, сумын удирдлага, байгууллагуудаас дэмжлэг хүсэв үү?

– Одоо би аймгийн дэргэд орших Цэргийн ангийн дарга нартай очиж дэмжлэг хүсэх гэж  байна. Миний энэ ажлыг дэмжээч гэж. Би мөнгө олж, мөнгөөрөө цуврал лекцүүдээ хэвлүүлэх бодолтой байна. Манай сумын удирдлагууд “Танд ямар санал байна. Яаж дэмжих вэ” гэж байна лээ. Надад сайхан л санагдсан. Гэхдээ би дарга нарт ингэж ажиллаач гэж хэлэх шаардлага алга. Миний яриаг “үзээд”  бүх түвшний дарга нар ямар нэг юм санаачлах байх гэж бодож  байна.  
Манай Монголд 24 нам байдаг гэсэн судалгаа гарсан. Энэ намуудад 2 сая гаруйхан иргэдийг нь хуваагаад үзвэл хэдхээн хүн ноогдоно доо. Энэ намуудад хүний хүмүүжил, ёс суртахууны талаар ярьдаг нам нэг ч алга.

-Ярилцлагын төгсгөлд та өөрийгөө танилцуулахгүй юу? Тантай санал нийлэх, хамтарч ажиллах хувь хүн, байгууллага байж магад?

– Би 1943 онд Бат-Өлзий сумын дунд сургуульд анхны сурагчаар суралцаж, 1945 онд төгсөөд  Архангай аймгийн Мал эмнэлгийн сургуулийг төгссөн. 1953 онд ЗХУ-ын мэргэжилтний туслалцаатайгаар эрүүл мэндийн томоохон үзлэг явагдсан шүү дээ. Тэр үзлэгээр манай сумын дээд  таван багийн ард иргэдээс уртын тариа гэдэгт 200-аад хүн орсон юм. Тэгэхэд намайг мал эмнэлэг төгссөн учраас шприц бариад хүн тарих боломжтой хүн гэж үзэж  нэгдлийн дарга Аюуш тушаал гаргаад тарианы сувилагчийг 4 жил хийсэн дээ. Тэгээд 1957 онд ардын цэрэгт татагдаж, байлдагчаас ангийн дарга хүртэл албыг хашиж, бага дэслэгчээс дэд хурандаа хүртэл цолыг авлаа. Энэ хугацаанд нутгийн хүүхдүүдээ дэмжих, цэргээс халагдахад нь жолооч зэрэг ажилд оруулж амьдралд нь тус хүргэж л явлаа. Цэргийн газар 28 жил 8 сар ажиллаад 1984 оны 4-р сард тэтгэвэртээ гарсан.

Чөлөөндөө гарлаа гээд  зүгээр суусангүй. Аль болох олон түмэнд хэрэгтэй зүйл хийхийг хүсч, эрж хайж, санаачилж явна даа.

-Таны цаашдын их үйлсэд амжилт хүсье.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж