“ДОХ-гүй амьдарцгаая” жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“ДОХ-гүй амьдарцгаая” жагсаал болов

Сайхан өвчин гэж
байхгүй. Тийм ч учраас өвчин бүхнээс хол хөндий явах сан гэж хүүхэд бид хүсдэг.
Тэр дундаа ДОХ хэмээх өвчин настангуудын ярьдаг “хадны мангаа” мэт аймшигтай
санагддаг. Бүгдээрээ “ДОХ-гүй амьдарцгаая” гэж Д.Батсайхан хэмээх банди жагсаал
дунд уриалж байхыг сонслоо.

Жагсаал Булган хотын төв хэсэгт байдаг С.Лхагвадорж баатрын талбайгаас
эхэллээ. Нэгдэж жагссаны учир ДОХ-ыг эсэргүүцжээ. Тэд дээрх өвчнийг эсэргүүцэж
байгаа ч гэсэн өвөг дээдсийнхээ уламжлалыг дээдлэн үдийн наран тэгшрэх урд зүг
рүү эхэлж аймгийн төвөө нар зөв эргэлээ. ДОХ-ыг эсэргүүцэж түүнээс сэргийлэхийг
уриалсан энэ жагсаалд аймгийн төвийн сургуулиудын 600 гаруй хүүхэд оролцон дуу
хоолойгоо нэгтгэсэн шийдвэр гаргагчдад үзэл бодлоо илэрхийсэн байна.. Жагсагчид
санамж зөвлөгөө, үзэл бодлоо илтгэсэн үг үгүүлбэр болон зурмал зурагтай төрөл
бүрийн зүйл барьж ДОХ-ын туузан тэмдгийг энгэртээ зүүжээ. Зарим нь түүнийг бас
булбарайхан хацартаа наасан байв. Энэ бол аюулт тэр өвчний “салхин доогуур ч
гараагүй бид ариухан булбарайгаар явна” гэсэн бахдам илэрхийлэл, мөн  ДОХ надад хэрэггүй шүү гэсэн эсэргүүцэл ажээ.
Хүүхдүүд зам хучсан цасыг төвөгшөөлгүй, хацар хайрах жавраас хулгалгүй хотынхаа
гудамжаар жагсан явсаар эргэн ирцгээлээ. Аймгийн Засаг даргын орлогч
Д.Мөнхсайхан, Булган сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Наранбаяр нарын
зэрэг аймаг, сумын болон зарим агентлагийн удирдлага, мэргэжилтэн нар
хүүхдүүдийн энэ ажиллагаанд оролцон үг хэлж тэдний үйл ажиллагааг дэмжиж
байгаагаа илэрхийллээ. Энэ бол
хүний дархлалын тогтолцоог сүйрүүлдэг, арав болон
түүнээс дээш жилийн турш ямар ч шинж тэмдэг илрэхгүйгээр бусдад халдвар
тараасаар байдаг
, өөрөөр хэлбэл, халдвар нь устдаггүй, эмччилгээ авдаггүй энэ аюулт өвчнөөс зон олноо авархын
тулд
ХДХВ/ДОХ-той тэмцэх олон улсын
өд
рөөр тус аймагт  зохион
байгуулсан
арга хэмжээний нэг юм.  
 

Аймгийн эрүүл мэндийн газраас энэ уламжлалт өдрөөр зохион байгуулах арга
хэмжээний төлөвлөгөө гарган түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг Булган сумын Засаг даргын
тамгын газар, хүүхдийн төлөө хэлтэс, ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөл, “Дэлхийн
зөн” олон улсын байгууллага, “Булган хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр” зэрэг байгууллагатай
хамтран өрнүүлснийг олон нийт талархалтай хүлээн авч идэвхтэй оролцлоо. Ялангуяа
энэ энэ өдөр зохион байгуулсан сургалтуудад олон хүнийг хамруулжээ. Үе тэнгийн сургагч
багш нарыг бэлтгэх сургалтад 240 гаруй хүүхдийг хамрууллаа. Үзлэг шинжилгээ хийсэн.
Зарим иргэд өөрсдийн хүслээр сайн дураараа шинжилгээнд орсон байна.  “Хамтдаа сэргийлье” уриан доор олонх хүмүүс ДОХ-ын
тэмдэг зүүж ажил үйлчилгээгээ явууллаа. Хэрэв тийм тууз тэмдэггүй хүн тааралдвал
энэ ажлыг зохион байгуулагчид зүүж өгчээ. Мэдээлэл сурталчилгааны материалыг
400 гаруй хүнд тарааж, хоёр төрлийн зурагт зургаан хуудсыг сурталчилгаанд  ашигласан байна.  Охид хүвгүүд ДОХ-ын талаарх үзэл бодлоо зураг
мэдээллээр илэрхийлэн олон нийтэд илгээж мөн З0 гаруй байгууллагын зарлал мэдээллийн
самбарт байрлуулжээ. Такси тээврийн хэрэгслээр үйлчлэгчид болон зорчигчид ДОХ-д
өртөх, дамжуулах магадлалтай гэх хардлага төрдөг тул тийм хөдөлгөөн үйлчилгээнд
оролцогчидтой уулзан сурталчилгаа хийн, бэлгэвч өгч “Зай барь” гэсэн сэрэмжлүүлгийг
машинд нь нааж анхааруулсан байна. Мөн “Оройн цаг осолтой” гэх яриа байдаг учир
энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулагчид шөнийн 23 цаг хүртэл баар цэнгээний
газруудаар явж “Хамтдаа сэргийлье” хэмээх уриагаа  нүдэнд нь тусч, гарт нь өртөх газруудад байршуулж
санамж болгожээ

“Бид орон
нутгийн холбогдох байгууллагуудад урьдчилан зөвлөмж чиглэл хүргүүлсэн. Тэр дагуу
энэ ажлыг хөдөөгийн сумдад ч зохион байгууллаа” хэмээн аймгийн эрүүл мэндийн газрын
сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Гүндэгмаа ярилаа. Эдгээр ажлын дүнд ДОХ-гүйгээр
амьдарцгаах боломжийг олон нийт мэдэрч хамтдаа сэргийлж айдас түгшүүргүй аж төрөх
хүсэл тэмүүлэл дүүрэн үлдлээ. Энэ бол ДОХ-той тэмцэх олон улсын өдрийн ажлыг зохион
байгуулсан байгууллага, хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн гэж үзэж болно.

Ж.Мөнх-Очир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж