”Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн андгайлав

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

”Монгол улсын төлөө зүтгэе” хэмээн андгайлав

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Алтангэрэл “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж тус аймгийн тэргүүний ажилтнуудын дунд бүл нэмлээ.

Аймгийн хэмжээнд энэ шагналыг арав шахам жилийн өмнө аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн, нягт хянуур, эмх цэгц, дэг журам, ажлын хариуцлагаараа олон үлгэр дууриал болсон Д.Төмөрбаатар анх авч байсан бол одоо 20 гаруй хүн шагнуулаад байна. Одоогоор отгон нь болж байгаа хурандаа Ж.Алтангэрэл Тэшиг нутагт төрж өсөн  оросын холбооны улсын Одесса хотыг зорьж байлдааны дугжуйт болон гинжит машины ашиглалтын инженер болсноос  гадна биеийн тамирын магистр багш-дасгалжуулагч, төрийн захиргааны арга зүйч мэргэжилтэй “хөрвөх чадвар”-тай хүн юм. Тэрээр  баярын жагсаал, парадын үеэр цэргийн гавьяаны одонг дайчин, хилчин, цэргийн алдар, ардын хувьсгал , хилийн болон дотоодын цэргийн ой, хөдөлмөрийн хүндэт медалиудтай эгнүүлэн зүүсэн байх нь бахархал төрүүлдэг. Тэдгээр шагналыг авах бүртээ огцом эрэмгий ёсолж “Монгол улсынхаа төлөө зүтгэе” хэмээн андгайлсаар иржээ. Ж.Алтангэрэл тэрхүү андгайгаа ямагт хэрэгжүүлж цэрэг батлан хамгаалахын хүрээнд төдийгүй арми-ард иргэдийн холбоог бэхжүүлэх, орон нутагт батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлж төрийн  үйлчилгээг түмэн олондоо хүтээмжтэй хүргэж яваа учир энэхүү шагналыг авч мөн л андгай  өргөлөө.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж