“Арсенал”, “Барса” нар эвийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Арсенал”, “Барса” нар эвийн гэрээ байгуулав

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан “Арсенал”, “Барселона” нарын тоглолт өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхэд болж, 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхнээс л “Барса” олон ч удаа ширүүн довтолгоог эхлүүлсэн ч Мануэль Альмуния тэднийг удаа дараа зогсоосоор байсан юм. Златан Ибрахимович, Лионель Месси, Педро нарын гоолын боломжийг хааж, Альмуния үнэхээр топ зэрэглэлийн хаалгач гэдгээ баталж чадсан. Улмаар тоглолтын эхний хагаст тооны харьцааг нээгээгүй бөгөөд хоёрдугаар хагас дөнгөж эхэлмэгц Ибра өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, багтаа тэргүүлэл авчирчээ. Үүнээс хойш 13 минутын дараа дубль хийж, тооны харьцааг 2:0 болгосон байна. Тоглолтын байдал эвгүйтэж эхэлсэн учир “Мэргэн буучид”-ын дасгалжуулагч Арсень Венгер Тео Уолкоттыг жигүүртээ тоглуулахаар талбайд гаргасан нь нүдээ олсон байв. Ибрагийн гоолоос хойш ердөө 10 минутын дараа Английн шигшээ багийн тоглогч Уолкотт зочин багийн хаалгач Виктор Валдезийн хаалгыг мялаасан юм. Харин тоглолт өндөрлөхийн өмнөхөн Пуйоль Фабрегас дээр алдаа гаргаснаар шүүгч торгуулийн цохилт зааж, улмаар Уолкотт тэнцээний бөмбөгийг оруулжээ. Фабрегасын гоолын боломжийг үгүй хийсэн Пуйоль улаан картаар торгуулж, талбайгаас хөөгдсөн учир ирэх долоо хоногт “Ноу Кэмп” цэнгэлдэхэд болох хариу тоглолтод оролцох боломжгүй болж байгаа юм.
Тоглолтын эцсийн мөчид тэнцээний бөмбөгийг оруулж, эвийн гэрээ байгуулсандаа Арсень Венгер сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн боловч талбайдаа хоёр гоол алдсан нь таагүй хэрэг гэдгийг дурджээ. Тэрбээр “Тоглолтын эхэн үе хүнд байлаа. Барса эхний 20 минутын дотор л хоёр, гурван гоол оруулах боломжтой байсан. Гэхдээ бидний зүгээс тун амархан гоол алдлаа. Гэхдээ манай залуус ч яван чангарч, чамлахааргүй үр дүн гаргасан” гэжээ.
Мөн энэ үеэр “Сан Сиро” цэнгэлдэхэд болсон “Интер Милан” болон “ЦСКА Москва” нарын тоглолт 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 65 дахь минутад Милито оруулсан байна. Хариу тоглолт ирэх лхагва гаригт Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд болох ба ялагч нь Аваргуудын лигийн хагас шигшээд “Арсенал”, “Барса” нарын ялагчтай учирна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж