Хотын гудамжнаа сүүлийн өдрүүдэд “Помогите нам” буюу “Бидэнд туслаач” гэх орос нэртэй нэгэн киноны постер харагдах болсон. Инээдмийн төрөл жанрын уг кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. “Wizard” продакшны бүтээсэн уг киноны продюссераар С.Санчир, найруулагчаар Ч.Ганзориг нар ажилласан байна. Кинонд жүжигчин Ц.Төмөрхуяг, инээдмийн жүжигчид болох Дооёо, Аглуу, Амбий нараас гадна “Өнгөт инээд” хамтлагийн залуу жүжигчид хамтран тогложээ. Нээлтийн үйл ажиллагаан дээр бас нэгэн давхар баяр болсон нь тус киноны найруулагчаар ажилласан “Монгол кино нэгдэл”-ийн уран бүтээлч, “Hi” кино сэтгүүлийн продюссер Ч.Ганзоригийг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан явдал байлаа. Хоёр цаг гаруй үргэлжлэх энэхүү киноны үйл явдал Оросын нутагт өрнөх юм. Тэр тусмаа 1990 оны үед монголчуудын дийлэнх нь Орос руу ганзагын наймаанд явж хөглөж байсан тэр үеийг онц сонирхолтой, адал явдалтайгаар харуулжээ. Үүнийг үзсэн үзэгчид элгээ хөштөл инээсээр гарах болно гэдгийг киноны уран бүтээлчид ам уралдуулан ярьж байсан. Энэхүү киноныхоо нээлтийг Дархан, Өмнөговь аймагт дөрөвдүгээр сарын нэгэнд аймагт хийхээр төлөвлөжээ.
Г.Даша