Цуутны амьдрал ба хайр сэтгэл

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Цуутны амьдрал ба хайр сэтгэл

Францын зүрх, сэтгэлийн илэрхийлэл болсон дууны бурханд хувирах увидастай тэр Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...

Цуутны амьдрал ба хайр сэтгэл
СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ
“Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр нь дөнгөж 147 см, атигар бие, шүдэнзний мод шиг чөргөр гар… Байж байгаа байдал нь энгийн, хэл яриа нь бүдүүлэгдүү, Хөшигний ард тайзнаа гарахаас айн чичирнэ. Харийн тайзаа үзэгчдийн өмнө Францын зүрх, сэтгэлийн илэрхийлэл болсон дууны бурханд хувирах увидастай тэр Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар…
Эдитийн бүхий амьдрал нь домгоор дүүрэн. Эх нь гудамжны дуучин Анетта Майяр түүнийг гудамжинд төрүүлсэн гэх. Тийм эхлэл ч байж болох. Парисийн Тенон эмнэлэгт төрсөн гэх бүртгэл нь эмнэлэгт хүргэгдсэний дараа хийгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Ингээд Эдит Жованна Гассион 1915 оны арванхоёрдугаар сарын 19-нд хорвоод мэндэлжээ. Бяцхан охины эцэг Луи Гассион фронтоос амралтаар ирсэн байв. Тэрээр гудамжны жонглерчин байлаа. Түүнийг сальто үзүүлж байхад Анетта дуулан үзэгчдийг тойрон мөнгө цуглуулдаг байсан гэнэ.
Эх нь Мароккод төрсөн сайхан сэтгэлтэй эмэгтэй боловч дарснаас буцахгүй. Охиныхоо сүүнд хүртэл дарс хийгээд унтуулдаг байсан гэх. Эцэг нь дахин фронтоос ирээд охиноо үзтэл тэр нь бөөс, хуурсанд баригдсан, туранхай эцэнхий, том толгойноос өөр зүйлгүй охин байжээ. Ингээд тэр охиноо эхдээ авчирч өгчээ. Эдитийн эмээ нь Берн хотод эмсийн хүрээлэн ажиллуулдаг байв. Бяцхан охин диваажинд ирсэн мэт. Амьдралд бараг анх удаагаа угаагдсан охин юу ч харахгүй байсныг эмээ нь мэдэв. Бүтэн таван жилийн турш охин цэнгээний газрын дууг сонсон амьдарсан ажээ. Мадам Луиза 1922 онд түүнийг ид шидтэй гэгдэх хувилгаан Терезагийн сүмд авчирчээ. Гайхалтай нь Эдит тэндээс хараа ороод буцаж ирсэн юм. Ид шидээс илүү Берн хотын эмч тус болсон ч байж магадгүй. Тэрээр курс эмчилгээг охинд хийж байлаа.
Удалгүй эцэг нь ирж “Ажилгүй суугаад яахав. Ажиллах хэрэгтэй” гээд Эдитийг Парист авчирлаа. Тэрээр акробат хийхэд хүч хүрэхгүй учир дуу дуулна. Үзэгчдэд дуунууд нь таалагдана. Эцэг нь охиноо  ихээхэн анхаарах ба нэг удаа хүүхэлдэй хараад зогсож байхад нь өөрт үлдээд байсан таван франкаараа түүнийг аваад өгч байлаа. Ганцхан зовлон нь эцгийнх нь бараг өдөр тутам солих “хойд эхчүүд” нь байлаа.
Арван тавтайдаа Эдит гэрээ орхин эхийнхээ замаар гудамжны дуучин болохоор шийдлээ. Дуулж байхад нь мөнгө цуглуулах хүн хэрэгтэй байв. Бас гэрээсээ зугтсан 13 настай Симона Берто гэх охинтой танилцсан нь тэр ажилд таарах найз нь болжээ. Хожим Берто дурсамж бичиж Эдитийг шилдэг найзаа, өөрийгөө эцэг нэгтэй дүү нь гэсэн байв. Тэр нь давсалсан хэрэг л дээ. Тэд гудамжинд дуулж олсон мөнгөө ойр хавийн кафенд тэнүүлч нартай цуг хооллоод дуусгадаг байлаа. Эндээс л Эдитийн анхны хайр гудамжны жүжигчид, цэргийнхэн гээд урсаж эхэлсэн юм. Түр үзэгдэх эрчүүд түүний мөнгийг аваад талийсан ч Эдитэд тайвшрал авчирдаг байсан гэж өөрөө дурссан байдаг.
Эдит 17 настайдаа өөрийн аз жаргалтайгаа учирсан гэж итгэжээ. Луи Дюпон гэх “пацаан” хочтой хүү ногооны дэлгүүрт зөөгч байв. Нил цэцгийн баглаа бэлэглээд л Эдитийн сэтгэлийн уяраасан гэнэ. Удалгүй жирэмсэн болсон Эдитийг пацаан нь буяны газарт гашуудлын цэцэг хийх ажилд оруулсан байна. Тэд 1933 оны хоёрдугаар сард Марсель гэж нэрлэсэн охинтой болсны дараа нөхөр нь түүнийг гудамжны дуучнаас татгалзахыг ятгаж эхлэв. Тэвчээр алдсан Эдит залуугаа орхиод Симоны хамт дахин гудамжинд дуу дуулж эхэлжээ. Охиноо чирээд явдаг байлаа. Хоёр жилийн дараа охин нь менингитээр өнгөрсөн юм. Зовлон гэдгийг үзээд авсан тэр дахин өөрийн амьралдаа орлоо. Цаашид хагацаж салах зовлон их амсана гэдгээ тэр үедээ мэдсэнгүй.
БЯЦХАН ПИАФ

Хоёр жилийн дараа Монмартрын гудамжинд бяцхан Эдитийг танихгүй хүн гэж байсангүй. Дууны урлагт суралцсан гэх зүйл түүнд огт үгүй. Ер бусын хоолой нь цагийн явцад бэхжин сэтгэлийн гүнээс урсах зовиур, нинжин сэтгэлээр дүүрчээ. Дуу бүрийг тэрээр сүүлчийн удаа дуулж байгаа мэт амилуулан хоолойгоо үл хайрлана. Труайон гудамжинд дуулж байхад нь нэгэн дэгжин эр “Чи ингэж чанга дуулаад хоолойгүй болно шүү. Сайхан хоолойтой юм байна… Ер нь “Жернис” кабаред хүрээд ир. Чамайг дуучин болгохоор оролдоё” гэж хэлжээ. Тэр хүн нь Эдитийг урлагт загалмайлсэн эцэг нь болсон уг кабарегийн эзэн Луи Лепле гэдэг хүн байлаа. Луи эхний удаа түүнд зориулан гайгүй хэдэн дууг бэлтгэж өгөөд урлагийн Пиаф гэсэн нэрийг өгчээ. Парисынхны хэллэгээр пиаф гэдэг нь “бор шувуухай” гэсэн утгыг илэрхийлнэ.
“”Жернис”-т бяцхан Пиаф дуулж байна! Гудамжнаас шууд л кабаред!” гэсэн зарлал тархаж цацагдаж, би маргааш кабаред дуулна гэж үү гэхээс Эдитийн толгой эргэнэ. Өмсөх хувцсаар дутмаг тэр бүсгүй шөнөжин шагласан ханцуйтай ганц хар даашинзтайгаа, царай нь цагаарч, цусан улаан будгаар уруулаа будаад тайзнаа гарч ирэхэд нь үзэгчид уйлах инээхийн наах нь байлаа. Ийм маягаар түүний тайзны амьдрал эхэлжээ. Түүнийг анх харсан үзэгчдийн сэтгэгдэл янз бүрээр л урсаж байлаа. Учир нь Эдит өөрийнх нь тухай юу ч бичиж байсан анзааралгүй явж иржээ.  Дуртай цагтаа инээж чадах удидастай. Түүний инээд алдаад “Эмсийн хүрээлэнд өссөн”, “Гудамжинд дуулдаг”, “Хулгайч нарын хөтөч нь”, “Атамануудтай унтаж байсан”… “Тийм л байсан юм чинь”… гэсэн үгс сэтгүүлчдийг самгардуулдаг байлаа.
1935 оны аравдугаар сарын нэгэн үдэш. “Жернис кабаре”. Тайзнаа Эдит. Тэрээр хорин настай. Нугасны муухай дэгдээхэй. Оргилуун дарсанд халуурсан танхим, үслэг эдлэл торго, үнэртнээр давалгаална. Түүнийг тоох хүн байна уу? Эхний дууны дараа танхим нам гүм болжээ. Хоёр дахь дуу танхимын харцыг тайзнаа цуглуулав. Үзсэн, сонссоны ялгаа хүлээлтийг ардаа орхилоо. Луи Лепле сэтгэл хангалуун. Тэрээр энэ “юу ч биш”-ийг нээсэн юм.
…Нэлээдгүй сандарсан Эдит дуугаа төгсгөж байна.
“Хөөрхий бидний охид
Хашаа ч үгүй, шон ч үгүй,
Хөөгдөж, эргүүлэгдсэн тэдний
Халаас нь цоорхой.
Толгой хоргодох байртай бол
Охидод сайн сан,
Тэвэрч энхрийлэх найзтай бол
Охидод сайн сан…”
Нижигнэсэн алга ташилт. Ялангуяа, нэртэй дуучид Шансонье  Морис Шевалье, Мистигет нарт Пиаф их таалагдлаа.
Амжилт Эдитийн амьдралыг эргүүлэв. Мөнгө, гоёл, баян бишрэгчид гарч ирлээ. Леплегийн найз зохиолч Жак Буржа дуучин охины боловсролыг анхаарч унших дуртай болгов. Лепле түүний дууны жорыг найруулна. Харин эргүүлнэ гэж байсангүй. Босс нь эр хүн сонирхдог байсныг тэр үедээ Эдит анзаарсангүй явжээ. Дуучны ивээгч 1936 оны дөрөвдүгээр сард хороогдсоноор Пиафын амьдралд хар зурвас орж ирлээ. Түүний багшийг нь нууц амраг дээрэмчин нь хороосон гэж яригдав. Эдитийг  аллагын хамтрагч болгосон ба сонин хэвлэл түүнийг ганц сайн муулж өгсөн юм. Хаана ч ажил олдсонгүй. Дарс, шөнийн цэнгээн, санамсаргүй найз нар… Амьдрал уруугаа урсав.
Пиафыг яруу найрагч, дууны зохиолч Раймон Ассо л аварсан билээ. Тусламж гуйхад нь цорын ганц татгалзаагүй хүн тэрээр түүнд зориулан дуу бичиж байв. Дараа нь эхнэрээ орхин дуучны гэрт орлоо. Ассо халбага, сэрээ барихаас эхлээд хөдөлгөөнийг нь хүртэл зааж, жинхэнэ багш нь болсон юм. Түүний тусламжаар л Эдит гудамжны дуучнаас эстрадын од болсон билээ. “АВС” гэсэн Парисийн хамгийн нэртэй кабаред түүнийг тэр л оруулж өгсөн юм. Тоглолтынх нь дараа “Фигаро” сонинд “Мадам Пиаф суутан! Давтагдашгүй! Ийм хүн дахин төрөхгүй!” гэж урлагийн бурхан гэгдэж байсан Жан Кокто бичсэн нь бий. Ассогийн дуу, түүний зүтгэл нь Пиафын насан туршын солигдоогүй хөгжмийн зохиолч болсон Маргерит Монно, концертын хөгжимчин Пьер Дрейфус нарыг түүнтэй танилцуулжээ. Ассогийн халамжлал сүүлдээ Пиафын уйтгарыг төрүүлж тэд удалгүй хагацлаа. Өөрийн хайртай байсан хүмүүстэйгээ Эдит нөхөрсөг харьцаагаа хэзээ ч таслаагүй бол харин Ассо 1968 онд нас бартлаа ганцаараа үлдэн алдагдсан дурлалдаа шаналсаар мөнх бусыг үзүүлжээ.

ЦЭНХЭР ӨНГИЙН ХУВИРАЛ

Пиаф тийм ч үзэсгэлэнтэй бүсгүй  биш. Гэхдээ эрчүүдийг татах увидастай. Дурлал түүнд агаар мэт хэрэгтэй. Энэ байдлыг нь Симоне сайн гаргасан байдаг. “Эдит түүнд хандан –Жаны нүд ямар сайхан цэнхэр вэ! Ийм нүдийг хараагүй” гээд хэлнэ. Удалгүй Жан тэднийхээр үзэгдэж байснаа тэнд орж амьдарна. Пиаф тасалгаанд нь эр хүний хувцас хөглөрөх болон тамхины үнэр шингэсэн байхад дуртай. Биеийн халууныг нь алдаагүй эр хүний пиджак сандалд өлгөөтэй байхад улам сайхан. Гэвч энэ бүгд нь богино настай. “Берто, чи мэдэж байна уу? Жаны нүд тийм цэнхэр биш. Уйтгартай, унтарсан харцтай” гэх цагт ээлжит дурлал нь төгсгөлдөө ирдэг байлаа. Түүний бүх дурлалын түүх иймэрхүү дараалалтай. Салалтаараа амрагууд нь түүний нэхсэн цэнхэр ноосон цамц, хос зангиа, гинжтэй цагаас бүрэлдсэн тогтмол нэг янзын бэлэг авна. Эдит хаягдахаас айх учир өөрөө эхлээд л амрагуудаа орхидог зуршилтай. Ассогийн байранд мөсөн уул мэт хүйтэн, сайхан залуу жүжигчин Поль Мерисс гарч ирсэн юм. Хэрүүл гарах үедээ Пиаф түүнийг “загасны хүүр” гэж хараан аяга тавга шидэж дуулиан босгоно. Поль суугаад л сонин уншиж тайван сууна. Пиафыг хийгээ гаргасны дараа Поль түүнийг үнсэн тайтгаруулж, тэд эвлэрлээ тэмдэглэхээр кафед орохоор гардаг байлаа.
Поль нэг удаа л биеэ барьж чадаагүй. Тэрээр 1940 онд Парисийн гудамжнаа хас тэмдэгтэй танкыг хараад уйлж харагдсан гэдэг. Эдит уйлсангүй харин германчуудын саналыг хүлээн авч Германд тоглолт хийхээр болов. Түүнийг шүүмжилсэн хүмүүст тэрээр “Би олзлогсодын лагерь дахь залуустаа дуулна. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй” гэжээ. Тэрээр лагерьт дуулаад олзны олон цэрэгтэй хамт зургаа авахуулаад нууц байгууллагынханд өгч тэдний зурагтай паспорт бэлтгүүлж авчээ. Дараа нь дахин тоглолт хийхдээ паспортыг олзныхонд дамжуулсан ба олон хүн тэндээс зугтаж чадсан байна. Энэ бол домог биш. Дайны дараа түүнийг булаан эзлэгчидтай хамтран ажиллаж байсан гэж яллахад нь өөрөө ярьсан түүх. Түүнийг хамгаалахаар лагериас зугатсан хүмүүс, дайны үеэр нуугдаж байсан еврей нар ирцгээсэн байлаа. Шалгалтын дараа комиссынхан босч энэ бяцхан эмэгтэйг цэргийн ёслолоор үдэн гаргаж байлаа.
Тэр цагт Пиаф өөрөө Мериссээс салаад яруу найрагч Анри Контетай цуг амьдарч байв. Конте эхнэрээ орхиогүйгээс болоод түүний орыг Италийн цагаач Ив Монтан эзлэв. Пиаф гуч хүрсэн харин тэрээр таван насаар дүү байжээ. Залуу хүний дэргэд улам залуужсан Пиаф түүнийг од болгохоор шийдсэн байна. Пиаф холбоо сүлбээ сайтай байсан учир залууг нь сонин хэвлэлээр “хүсэн хүлээж байсан дуучин” гэж шуугих болсон байна. Сэтгэл алдарсан Ив түүнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг шахаж байсан боловч эр хүний түрэмгий, тэргүүн байх зан ариншин мөн өөр хүүхнүүдтэй сүлбэрэх нь үл таалагдсан учраас түүнийг Пиаф бас л түрүүлж түүнийг хаяад оронд нь хөгжимчин Жан-Луи Жоберыг олоод авчээ. Пиафад оддыг асаах сонирхол давамгайлна. Гэвч Монтаны дараах орлогч нар нь авъяас дутмаг. Харин том тахир хамартай, Азнавурян гэж дуудахад хэцүү нэртэй залуугийн  авъяас түүнд таалагдав. Пиафын буянаар тэр Шарль Азнаур гэсэн нэртэй дуучин болсон билээ. “Энэ мадемаузель, ордны охин, хувилгаан Терезагийн сөргөлдөөнтэй чанарыг агуулсан хүн. Түүний хүрээнд орсон л бол гарахад хэцүү… Бидний хооронд хайр дурлал, нөхөрлөл хоёрын хил хязгаар шиг харьцаа байлаа. Харин хэзээ ч ор дэвсгэрт хүрч байгаагүй” хэмээн хожим Шарль бичжээ. Эдитийн дэргэд найман жил амьдраад тэндээс явахдаа Шарль түүнийг орхиогүй. Эдитийн гэрээр ороод гарсан олон хүн мөнгө, хөрөнгөнөөс хумсалж, үнэгүй хооллож байгаад нэг мөр алга болдог байв. Жинхэнэ найз байсан нь Маргерит Монро, Лулу Баррье, Марлин Дитрих… Тэднийг урлаг л нийлүүлж холбож байсан юм.

ХАЙР ДУРЛАЛ…

Эдит Пиаф 1947 онд Америкт анх удаагаа дууллаа. Парисийн дагиныг харна гэж байсан америкчуудад энэ жижигхэн эмэгтэй эхлээд таалагдсангүй. Пиаф тэдэнд зориулан хоёр ч дууг англи хэлээр дуулсан гэдэг. Хэллэгээс нь болоод тэр дуунуудыг италийнх гэж америкчууд ойлгосон аж. Гэвч энэ эмэгтэйн хүнийг татах увидас тэднийг байлдан дагуулжээ. “Ягаан өнгөн дэх амьдрал” дуу нь үзэгчдэд таалагдсан гэнэ. Тийм нэртэй кабаре Бродвейд байсан юм. Үүнээс гадна Эдит боксын аварга гучин настай Марсель Сердантай танилцлаа. Түүний нүд нь цэв цэнхэр…
Парист тэдний дурлал улам бадрав. Боксын аварга гэртээ хоёр хүүхэдтэй эхнэрээ мартаад Эдитийн гэрт орж суужээ. Пиафаас болоод Марсель хэд хэдэн чухал тэмцээнд ялалт байгуулж чадсангүй гээд сонин хэвлэл шуугиж байна. “Эрчүүдийг залгигч маань Францын спортын найдлагыг идлээ” гээд л бичиж байв. Тэдэнд энэ бүгд нь огт хамаагүй. Тэд Сена мөрний эргээр зугаалж, Марсель түүнийг өргөн явна. Үнэтэй бэлэг авч өгөн эрхлүүлнэ. Аз жаргалаасаа нулимс урсган Пиаф хонгортоо Карьтегийн урлангаас очир алмазан запонки-товч аван бэлэглэж байлаа.
“Миний эр хүн хамгийн шилдгийг эзэмших ёстой”. Эдитийн хамт амьдарч байсан Симоне атаархалдаа баригдан Марселийг уруу татах гээд амжилт олсонгүй гэрээс нь хөөгдлөө. Марсель 1949 оны намар Америкт тэмцээнд явав. Эдит орох суух газаргүй түүнийг догдлон хүлээж, өдөр бүр утасдан хурдан ирэхийг шаардана. Аваргын ганц айдаг зүйл нь онгоцоор нисэх. Гэвч тэрээр хайртынхаа төлөө зориглон онгоцоор Америкаас нислээ. Аварга болон өөр 48 зорчигчтой онгоц мананд төөрөн Азовын арлын уулыг мөргөн сүйрлээ. Аймшигт мэдээ аваад Эдит хөшчих шиг болов. Гэвч орой  нь тоглолтдоо гарлаа. Тэрээр “Би Марсель Серданы дурсгалд зориулан дуулж байна” гэж хэлээд нулимс асгаруулан хоёр дуу дуулаад ухаан алдан уналаа…

Тэрээр энэ зовлонгоос удаан гарсан юм. Найз нөхдийнх нь авчирсан зурхайн ширээний ард суугаад тэрээр Марселийн сүнстэй ярилцдаг байв. Түүний охиныг нь бас Марсель гэж дууддаг байсныг Пиаф хувь тавилан гэж үзэн тэдний сүнснээс уучлалт гуйдаг байлаа. Удалгүй гэрт нь Симоне буцан ирж, дахиад л архины үнэрт гэр нь автаж эхлэв. Дараа нь дурлалын кино нь үргэлжиллээ. Марселийн дараа америк дуучин Эдди Константин гарч ирэв. Пиаф бас түүнийг од болгохоор зүтгэн “Бяцхан Лили” хөгжмийн жүжигт хамт тоглож үзжээ. Түүний дараа хуучин танил Жак Пиллсын ээлж ирэв. Пиаф түүнтэй 1952 онд гэрлэв. Мөнхийн гэх наминчлал нь түүнд таалагдахаа болиод тэрээр гарч ирсэн шигээ зайллаа.
Марселиас хойш түүний амьдрал нь үргэлжилсэн өөрийн хөнөөлт болсон юм. Пиаф 15 жилийн дотор хоёр удаа клиникийн үхэлд орж, нэг удаа амиа хорлохоор оролдов. Бас дөрвөн удаа автын осолд оржээ. Түүний ээлжит хайрын нэг дугуйчин Андре Пусс эргэлтээ тооцож чадаагүй осолдсон нь Пиафад хүнд гай авчирлаа. Мэс заслын завсраар эмч нар түүнд морфин тарьсаар байгаад мансуулагч болгоод өгчээ. Найз нөхдийн зүтгэл, эмчилгээ нь үр дүн өгсөнгүй. Тэрээр сүүлдээ мансууруулалтаас архинд оржээ. Тэрээр улам турж эцэн, үс нь өнгөө алдаж эхэлснээс үсээ богино тайрууллаа. Нүүр царай нь ясан дээр тохсон арьс болсон байлаа гэж бичиж байв. Гэсэн ч эрчүүдийг өөртөө татсаар байв. Дугуйчинг хөгжимчин Жак Льебрар, дараалаад галерейч Андре Шеллер, дуучин Жорж Мустаки нар залгамжлан амраглав. “Надтай унтаж буй эрчүүд Пиафтай холбоотой. Нэр алдар өөрийн сөрөг талтай ажээ” хэмээн Эдит гунигтайгаар хэлнэ. Хамгийн сонирхолтой нь энэ үедээ л тэр хамгийн шилдэг дуунуудаа дуулсан билээ. “Би юунд ч харамсахгүй” гэсэн дууг түүнд залуу яруу найрагч Шарль Дюмон 1960 онд авчирсан юм. Хоёр долоо хоногийн дараа “Олимпия” танхимд үзэгчид энэ дууг бяцхан эмэгтэй дуулахыг сэтгэл алдран сонсож байлаа.
“Non! Rien de rien…
Non! Jen e regretted rien…
Ni le bien qu’on m’a tait,
Ni le mal tout c5 a m’est bien e’gal…”
“Үгүй! Юунд ч…
Үгүй! Би юунд ч харамсахгүй,
Надад үйлдсэн буянд ч,
Надад дурсагдахгүй, зовлонд ч…”
Асар том танхимыг байлдан дагуулсан дуу “Би амьдралаа тэгээс эхэлнэ” гэсэн үгээр төгсдөг. Гэвч хэлэх нь хийхээсээ өөр. Өнгөрсөн цагийн ачаа түүнийг ар тийшээ чангаана. Пиафын нэрээр тэр үед олон хүн тэжээгдэж байв. Үнэт эдлэлд нь хуруу дүрсэн Симоне Берто мэт заримыг нь тэр хөөнө. Хамгийн сүүлчийн амраг 26 настай, үсчин  грек залуу Теофанис Ламбукас шиг заримыг нь өргөн дэмжинэ. Заншлаараа түүнээс эстрадын дуучин гаргахаар түүнд Сарапо гэсэн нэр өгсөн байсан нь Пиафын мэдэх цорын ганц грек үг. “Би чамд хайртай” гэдгийг грекээр тэгж хэлдэг ажээ.  Үүнээс өмнө Эдит Америкт тоглолт хийгээд ирсэн ба тэнд зураач Дуглас Дэвидтэй хайр бадруулж байгаад ирсэн юм. Дуглас 1962 онд онгоцны ослоор өөд болжээ. Хатгалгаанаас болоод хөгжмийн зохиолч Маргерит Монно ч нас барлаа. Эдгээр үхлийг сонсон тэрээр “Би үргэлж зовлон дагуулдаг” гэж уйлж байхад нь Тео Сарапо түүнийг “Чи надад олон аз жаргал авчирсан” гэж тайвшруулж суув. Тэд 1962 оны арванхоёрдугаар сард хуримлав. Хуримын ёслол дээр сүйт бүсгүйн нүд нь нулимстай, царай нь хавантай харагдаж байсан гэдэг. Гэвч Пиафын хоолой нь хуучнаараа л. Түүнийг Теогийн хамт хийсэн аялан тоглолт ч харуулсан юм. Энэ нь дуучны сүүлчийн хагацлын тоглолт байсныг мэдээгүй олон түмэн Пиафыг сайхнаар бишрэн хүлээн авч байлаа.
Дараагийн жилийн дөрөвдүгээр сард ухаан алдсан түүнийг Нейи хотын эмнэлэгт хүргэжээ. Элэг нь муудсан байлаа. Эрчимтэй эмчилгээний дараа тэрээр сайжраад хөдөө тосгонд амьдралаа үдэхээр шийдэв. Өвчин эмчилгээгүй. Өвчин нэмэгдэн, жин нь 34 кг болсон байв. Аравдугаар сарын 10-нд ухаангүй байгаад Эдит Пиаф нас барлаа. Агуу дуучны шарилыг тусгай онгоцоор Парист авчирсан 11-ний өдрийг Пиафын нас барсан албан ёсны өдөр болгон үлдээжээ.
Аравдугаар сарын 14-нд зуун мянган хүмүүс түүнийг эцсийн замд нь үдлээ. Эрх баригчид олон түмэнтэй нийлсэнгүй. Сүм хийд түүнийг “ёс суртахуунгүй” гэж үзсэнээс эцсийн мөргөл үйлдсэнгүй. Энэ бүгдийг үл анзаарсан Парисынхан хайртай “бор шувуухайгаа” оршуулсан билээ. Тео Сарапо уйлж гашуудан авсыг тэврэн салж ядан байх нь хайртайгаа нэгдэх гэж буй мэт. Тэрээр удаан ч хүлээсэнгүй 1970 онд автын ослоор Пиафын хойноос явлаа. Пиафын хуучин дотны найз Жан Кокто нь салалтын үгээ бэлтгэж дуусаад өөд болов. Пиафын дараа хайртай нөхөд нь дараалан мөнх бусыг үзүүлэн амьдралаа орхижээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж