
“Эрдэнэдрийлинг” ХХК-ийн нэрэмжит “Холбоодын цом”-ын тэмцээн энэ сарын 27-нд нээлтээ хийсэн бөгөөд Спортын төв ордны А зааланд долоо хоногийн турш Сэнгүр дээд лигийн найм, Спрайт сонирхогчдын лигийн найм, нийт 16 баг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, өрсөлдсөн байна. Сэнгүр лигээс энэ тэмцээнд “Хасын Хүлгүүд”, “МУИС-MBM”, “Хараагийн Харцага”, “Ирвэс”, “ШУТИС-Sharks”, “Bridge-TLG-13”, “Сүлд” спорт хороо болон шинээр байгуулагдсан “Mill House” багууд тоосоо өргөсөн бол Спрайт лигээс “Хасу Мегаватт”, “Sak Guard”, “ОТИС”, “Хаан банк”, “Skytel-Шонхрууд”, “Cass-SBL”, “ИНЕГ”, “Налайх-Wolves” гэсэн багууд оролцжээ.
Жил ирэх тусам сонирхогчдын багуудын чанар сайжирч байгаа нь уг тэмцээнээс харагдаж байлаа. Тэд дээд лигийн багуудтай хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлсэн бөгөөд тухайлбал, хүрэл медалийн төлөөх тоглолтод “Хаан банк”-ны баг “МУИС-MBM”-д чамгүй төвөг удсан. Тус тоглолтын эхний хоёр үеийг “Хаан банк”-ны баг тэргүүлж байсан бөгөөд харамсалтай нь гуравдугаар үеэс эхлэн оноогоор бариулж, тоглолтын цаг дуусахад 12 онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн юм.
Гуанжоугийн Азийн наадамд оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид “MBM”-ын гарааны бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн. Аваргын төлөөх тоглолт ч дээрхийн адил ширүүн тэмцэл доор явагдлаа. Өнгөрсөн зургадугаар сард гурав дахь удаагаа лигийн аварга болсон “Хасын Хүлгүүд” болон “Хараагийн Харцага” багууудын тулааны эхний үе эн тэнцүү өрсөлдөөн дунд 21:21-ээр дууссан. Харин хоёрдугаар үеэс Б.Бадрах талбайд орж ирснээр “Хүлгүүд”-ийн довтолгооны хувь нэмэгдэж, дараалан оноо авч, өрсөлдөгч бага багаар тасарч эхэлсэн. Ингээд хоёрдугаар үе төгсөхөд найман онооны зөрүүтэй “Хүлгүүд” хошуучилж байлаа. Сүүлийн хоёр үед ч тэд давамгайллаа баталгаажуулан үндсэн цагт 85:93 харьцаатай ялалт байгуулжээ.
Аварга авсан “Хасын Хүлгүүд” баг цом, өргөмжлөл, нэг сая төгрөгний мөнгөн шагнал хүртсэн бол “Хараагийн Харцага” 800 мянга, хүрэл медаль хүртсэн “МУИС-МБМ” баг 400 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.