
Улсын их хурлын гишүүн С.Бямбацогт Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад асуулга тавьсан байна. Асуулгад Монгол Улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж гадаад дотоодын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгаатай холбогдуулан уул уурхайн хүнд даацын техник хэрэгслээр тээвэрлэлт эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд холбогдох яамны зүгээс ямар арга хэмжээ авч бодлого зохицуулалт хийх тухай есөн зүйл заалт бүхий асуулга багтжээ. Тус асуулгад дээрх төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжийн дэлгэрэнгүй мэдээлэл болон тээвэрлэлт хийж буй нийт зай, ашигт малтмалын төрөл, мөн Ашигт малтмалын тээвэрлэлт хийгдэж буй замуудын чиглэл, нийт урт, түүнд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ, уг замын гүйцэтгэгч, санхүүжилтийн эх үүсвэр болон тээвэрлэлт хийх стандарт хангасан эсэх талаарх тайлан дүгнэлт гаргах зэрэг асуудал багтжээ.
Өнөөгийн байдлаар овор жин ихтэй, хүнд даацын автомашинаар ашигт малтмал тээвэрлэхэд зориулсан хатуу хучилттай авто зам Монгол Улсын хэмжээнд бараг байхгүй улмаас хөрсөн замаар тээвэрлэлт хийж байгаа нь байгаль экологи, хөрс ургамал, ан амьтны тархалт болон хүн амын амьдрах орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, их хэмжээний үүсэж, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахад хүрч байгаа талаар дурьдсан байна.
Сүүлийн үеийн тооцоо судалгаагаар манай улсын нутаг дэвсгэрт 2010 оны эхний байдлаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 1095 байгаагаас 270 гаруй аж ахуйн нэгж олборлолт явуулж, 53 аж ахуй нэгж тээвэрлэлт хийж байна гэсэн статистик тоо баримт гарчээ.
Тус асуулгад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу нэг сарын дотор хариу ирүүлэх ёстой аж.
Б.Алтансүх