Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын үрийн нөөц, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь салбаруудад 2010 оны хаврын тариалалтад зориулж нөөцөлсөн үрийн буудайн чанар, хадгалалтын нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулан хяналт шалгалтыг хийсэн болно. Энэ жил улсын ургацын балансын мэдээгээр бэлтгэсэн нийт уринш 270,0 мянган га талбай байгааг 15,0 хувийн нөөцтэйгөөр тооцооход 43,0-45,0 мян.тн үр шаардлагатай байгаа аж. Энэ оны тариалалтад зориулж аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 32,0 мян.тн, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа улсын үрийн нөөц 2,8 мян.тн, ХХААХҮЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гурван салбарт хадгалагдаж буй үр 6,5 мян.тонн, нийт 41,3 мянган тонн үр нөөцөлсөн мэдээтэй байна. Үүнээс үзэхэд хаврын тариалалтад 1,7-2,0 мян. тн үр дутагдаж байна. Өнөөдрийн байдлаар Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Увс, Орхон, Ховд аймгийн газар тариалан эрхэлж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 9278,8 тн буудай, 159,0 тн үр тариа, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гурван салбарт хадгалагдаж буй импортын 4775,9 тн болон дотоодын 1800,0 тн, Улсын нөөцийн дөрвөн салбарт хадгалагдаж буй 2819,66 тн улаанбуудай, хүнсний ногооны 2,0 тн, нийт 18835,4 тонн тарих үр, хорио цээрийн шинжилгээнд хамрагдлаа. Улсын хэмжээгээр 2010 онд тариалах үр тариа, хүнсний ногооны үр 41300 тонн нөөцөлснөөс 18835,4 тн буюу 46,0 хувийг шинжилгээнд хамруулахад 57,0 хувь буюу 10841,6 тонн үр тарих үрийн стандартад тэнцсэн, 43,0 хувь буюу 7993,8 тонн үр эхний шинжилгээгээр цэвэршилт болон нэг кг дахь хог ургамлын үзүүлэлтээрээ стандартын чанарын шаардлага хангаагүй гэсэн урьдчилсан дүн гарчээ. Хүнсний ногооны найман төрлийн үр шинжилгээнд хамрагдсанаас 100 хувь стандартын шаардлага хангасан байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Төв, Дорнод зэрэг аймгийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тариалах үрээ сайн цэвэрлэн сортлож стандартын шаардлага хангасан үр нөөцөлжээ.
Б.Анхаа