Дэлхий нийтийг нөмөрсөн эдийн засгийн хямралын үеэр Европын холбоо Олон улсын валютын сантай хамтран гишүүн орнууддаа хямралаас ангижруулах санхүүгийн тусламжийн багц гэгчийг гаргаж байсан билээ. Ингэснээр хямралд өртсөн орнууд зээл авч дампуурлаас ангижрах завшаан тохиожээ. Европын холбооны тусламжийн багцийн зарцуулалтыг олон нийтэд тайлагнажээ. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Европын холбоо гишүүн орнууддаа нийт 4.5 триллион еврогийн дэмжлэгийг зээлийн шугамаар үзүүлсан аж. Зээл авсан орнуудын жагсаалтыг Их Британи манлайлав. Албаны хүмүүсийн мэдээлснээр Их Британийн 2008 оны аравдугаар сараас энэ оны аравдугаар сарыг хүртэл авсан зээлийн хэмжээ 850.3 триллион евро болжээ. Гэсэн ч Их Британи эдийн засгийн хямралаас бүрэн гараагүй бөгөөд энэ нь улстөрчдийнх нь өрсөлдөөний гол амлалт болсоор байгаа юм. Удаах байранд саяхан банк санхүүгийн салбар нь элгээрээ мөлхөх шахсан Ирланд улс орсон байна. Хэдийгээр тус улс өөрсдийн хүчээр хөл дээрээ зогсоно гэж мэдэгдсэн ч Европийн холбоо болон Олон улсын валютын сан хүчээр 723.3 триллион еврогийн зээл өгсөн юм. Харин хоёр жилийн өмнө төсвийн алдагдлаас үүдэлтэй өрөөс болж улс үндэстнээрээ дампуурах дөхсөн грекчүүд ердөө 78 триллион еврогийн зээл авсан байх юм. Тухайн үед Грекийн Засгийн газар гуйж, гувшиж байж зээл авсан бөгөөд Герман тэргүүтэй Европийн хэд, хэдэн орон зээл олгоход дургүйлхэж байсан билээ. Дани улс 599.7 триллион еврогийн зээл авсан байна. Өмнө нь зээл өгөхийг эсэргүүцэж байсан Герман улс 592.2 триллионы зээл авч хямралаас ангижирчээ. Харин өөрсдийн хүчээр хямралаас гарна гэж амлаж байсан Португаль улс 20.5 триллион еврогийн зээл авсан байна.
АНУ-ын Конгресс Холбооны нөөцийн сангийн үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй байлгах үүднээс эдийн засгийн хямралын үеэр олгосон зээлийн хэмжээ болон банкуудын нэрийг ил болгохыг үүрэгджээ. Холбооны нөөцийн сангийн мэдээлснээр нийт тус улсын банкууд нийт есөн триллион ам.долларын зээл авсан байна. Тэдгээрээс дийлэнх нь бөгөөд хамгийн их зээл авсан нь Уолл Стрийтийн санхүүгийн фирмүүд байжээ. Дотооддоо төдийгүй олон улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Ситигрупп 2.2, Меррил Линч 2.1, Морган Стэнли хоёр, Бэнк ов Америка 1.1 триллион ам.долларын зээл авсан байна. Эдгээр болон бусад зээлдэгч банкууд эргэн төлөлтөө хугацаа хэтрүүлэлгүй хийж буй нь Холбооны нөөцийн сангийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлээгүйг албаныхан онцлов. Тус сангийн зүгээс зээлдэгч талуудад 118 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй бөгөөд энэ нь найдвартай эх үүсвэртэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан юм. Хямралын үеэр АНУ-ын хамгийн том санхүүгийн аппарат болох AIG даатгалын фирм ч гэсэн зээл авахад хүрч байжээ. Тус даатгалын нүсэр компани нь 2008 оны есдүгээр сард алдагдлаас үүдэлтэй өрөө дарах үүднээс 62 тэрбум ам.долларын зээлийг дангаар авсан байна. Мөн Барклэйс, Шотландын эзэн хааны банк, Дойч банк зэрэг гадаадын банкууд ч хямралаас гарахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас зээл авч байжээ.
Т.ОТГОНБАТБАЯР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин