Засгийн газар Тавантолгой ордоос иргэддээ хувь хүртээхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” нэртэй хувьцаат компани байгуулах шийдвэр гаргаад хоёр ч сарыг ардаа үдлээ. Тухайн үед “Засгийн газар “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой”-г байгууллаа” гээд л баахан шуугисан. Иргэд ч одоо л нэг эх орныхоо хишиг, хувийг жинхэнэ утгаараа хүртэх нь хэмээн баярлацгааж байв. Гэтэл хоёр сарын өмнө байгуулсан гэгдээд байгаа компанийх нь удирдлагыг өнөөдрийг хүртэл сонгож, томилж чадсангүй. Монгол орны баялгийг монгол хүн бүрт хуваарилж өгөх, тэрхүү асар их нөөц баялгаас орж ирэх орлогыг захиран зарцуулах эрх бүхий өндөр үүрэг хариуцлагатай хуулийн этгээд учраас багагүй цаг хугацаа шаардагдах нь мэдээж. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н удирлага чухал алба гэдэг утгаар нь чухал хүн томилох гээд цаг хугацаа алдсан гэвэл арай худлаа байх. Харин нам фракциараа талцсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд энэ амттай суудалд өөр, өөрийн хүнээ зүтгүүлж, битүүхэн арцалдсанаас болсон гэвэл үнэнд арай ойртох болов уу. Мөн компани байгуулахдаа Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг нь эхэлж сонгох зарчмыг баримтлаагүй. Шууд л гүйцэтгэх захирлыг нь сонгох гэж яаран сандран зүтгэсэн нь ч энэ ажлыг удаашруулахад нөлөөлсөн. Удирдлага сонгох ажлыг анхнаасаа буруу зохион байгуулаад бараг дуусах гэж байтал хамаг юм буруугаар эргэчихэв. Буруугаар ч юу байхав. “Эрдэнэс Тавантолгой”-д эзэн суухыг санаархагчдад л эвгүй юм болсон болохоос олон нийтийн эрх ашгийн үүднээс авч үзвэл зөв тийшээ л эргэж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад гадаадын гурван иргэн тунаж үлдээд байна гэсэн мэдээлэл хангалттай гарсан. Харин энэ нь Компанийн тухай хуульд нийцээгүй буюу ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болж байна гэдгийг хэвлэл мэдээллийнхэн хүчтэй шүүмжилж эхэлсэн учраас дээрх ажил тэгсгээд намжсан юм. “Мордохын хазгай” байсан юм чинь аргагүй шүү дээ. Харин Төрийн өмчийн хорооныхон одоо л ухаарч дахин бүхнийг шинээр эхлүүлэхээр шийджээ. Тус хороо өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийг сонгон шалгаруулах хороог албан ёсоор байгуулсан юм. Сонгон шалгаруулах хороо байгуулах хурлыг ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар удирдан явуулсан. Харин сонгон шалгаруулах хороонд ямар ямар албан тушаалтан багтаж буй нь одоохондоо хаалттай үлдэв.
Уг нь анх Засгийн газрын шийдвэр гарсан даруйд тоглоомын дүрмээ зөрчихгүй явсан бол өнөөдөр эхний хувьцааг иргэдийн гар дээр тавьчихсан ч байсан юм билүү, хэн мэдлээ. Харамсалтай нь, манайхан томоохон өмч хөрөнгө хуваарилах, захиран зарцуулах эрх мэдэлтэй албан тушаалын орон зай, томилгоо гарах бүрт дандаа ингэж бантан хутгаж байх юм. Одоо ямар ч байсан удирдлагын сонгон шалгаруулалтын дараалал зөв голдиролдоо орох нь орлоо. Дахиж тэнэгтэхгүйхэн шиг явбал “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг эвтэйхэн шиг шийдчих байх. Харин зарчмын алдаатай явуулсан гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын финалд үлдсэн гадаадын гурван эрхэм яах бол гэдэг л сонин байгаа юм. Тэд ТУЗ тодортол “амарч” байгаад цааш уралдах уу, шинэ гарч ирсэн ТУЗ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг дахиад цоо шинээр эхлүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй асуулт хэвээр үлдлээ. Ямартай ч иргэд одоохондоо “Эрдэнэс Тавантолгой”-н өгөөжийг хүртэх талаар бодоод хэрэггүй бололтой.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
Холбоотой мэдээ