АН тэмцэгчидтэйгээ эвлэрэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

АН тэмцэгчидтэйгээ эвлэрэв

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хоёр дахь галаа унтраалаа. Тамгаа булаацалдан нэгнийгээ ирүүлд дуудаад байсан С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёрыг эвлэрүүлэн “гал унтраасан” Д.Эрдэнэбат энэ удаад тэмцэгчидтэй эвлэрлээ. АН-ын ҮЗХ-ны хурлын өмнө өөрсдийгөө анхан шатныхан гэж нэрлэгсэд “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөн, “Ардчилсан намаа сэрээх клуб”, “Хүрээ дугуйлан” зэрэг хөдөлгөөн байгуулж удирдлагатайгаа хатуу тэмцэхээ мэдэгдээд байсан. Тэд “Ээлжит бус их хурал зарлахгүй бол тэмцлийн хурц хэлбэр сонгоно” гэж ч сүрдүүлж байлаа. Харин өөдөөс нь намынх нь удирдлагууд “Гудамжнаас ээлжит бус их хурал хуралдуулдаггүй юм” гэж хэдэрлэснээ ҮЗХ-ны хурлын үеэр баталгаажуулсан билээ. Түүнээс хойш “Унталт” зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байсан залуус таг болсон. Гэхдээ далдуур намынхантайгаа тохироо хийж байснаа өчигдөр дэлгэлээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар нар харилцан ойлголцсоноо санамж бичгээр баталгаажуулсан юм. Санамж бичигт дурдсанаар АН-ын дараагийн ҮЗХ-ны хурлаар Их хурал хуралдуулах талаар асуудал оруулж хэлэлцүүлэх аж. Ингэснээр УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө АН-ын Их хурал хуралдах боломж бүрдэх юм байна. Ээлжит их хурлаар өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар дэвшүүлсэн “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэх аж. Ерөнхий нарийн бичгийн дарга ийм тохироо хийснээр Т.Хасбаатар нарын залуусын шаардаад байсан Ээлжит бус их хурал Ээлжит хурал болон товлогдох ажээ. Санамж бичигт гарын үсэг зурах “ёслол”-ын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Намд олон асуудал байдаг. Үзэл бодлын зөрүүтэй ойлголт ч их гардаг. Бид “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийнхний санал, шаардлагад хүлээцтэй хандаж байгаа. Тиймээс ч ойлголцож хамтран ажиллахаар болж байна” гээд хөдөлгөөнийнхөнд амжилт хүсэв. “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөний тэргүүн Т.Хасбаатар “Бид сарын өмнө хөдөлгөөн байгуулж байлаа. Хөдөлгөөн маань намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь АН төдийгүй, улс төрийн амьдралд шинэ соёл авчирлаа” гэсэн юм.

Санамж бичигт өөр нэг заалт оруулсан нь “Үндсэн хуулийн УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагын талаарх эрх зүйн зохицуулалтад шаардлагатай  зүйл заалтуудад өөрчлөлт оруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан хэлэлцүүлэх зөвлөмжийг намын Гүйцэтгэх зөвлөлөөр уламжлах нь зүйтэй” гэдэг ойлголцол байв.

Ийнхүү АН-ын удирдлагууд анхан шатны гишүүдтэйгээ ойлголцож санамж бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын ирэх сонгууль хүртэл намын даргаа өөрчлөхгүй гэсэн ҮЗХ-ны шийдвэр хүчингүй болох бололтой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж