Уул уурхайн компаниудыг ажиллуулсан нь зүйтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниудыг ажиллуулсан нь зүйтэй гэжээ

“Монголын банкны салбар тогтворгүй байна. Энэ нь макро эдийн засагт нь нөлөөлж болзошгүй” хэмээн шинжээч дүгнэжээ. Манай орны эдийн засаг уул уурхайн салбарын хөгжлөөс хамааралтай болсон гэхэд буруудахгүй. Хөгжингүй орнууд баялгаа нөөцөлж, манайх шиг жижиг орныг цөлмөх гэж байна гэж шүүмжлэгсэд цөөнгүй байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн хурдаараа олон улсад тэргүүлж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь нэмэгдэх гол үндэслэл нь уул уурхайн салбар гэдгийг гадны экспертүүд онцолжээ. Мэдээж энэ нь Хятадын эрэлтээс шууд хамааралтай юм.

Олон улсын “Fitch Ratings” агентлагаас саяхан Монголын урт хугацааны гадаад, дотоодын валютын эмитентийн дефолтод өгөх үнэлгээгээ В-ээс +В болгон нэмжээ. Харин богино хугацаан дахь үзүүлэлтэд В үнэлгээ өгсөн байна. “Fitch Ratings”-ийн шинжээчид манай эдийн засгийн өсөлт 2011- 2012 онд нэлээд эрчимжинэ хэмээн онцолсон аж. Энэ нь Хятадын түүхий эдийн эрэлттэй холбоотой гэдэг нь ойлгомжтой. Тус байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5, 2012 онд найман хувиар өсөх юм. Өнгөрсөн онд манайхаас экспортолсон бараа бүтээгдэхүүний 73 хувь нь Хятад руу гарсан билээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар манай улс Хятадын нүүрс импортлогч орнуудын жагсаалтад Австралийн дараа бичигдэх болсон. Өөрөөр хэлбэл, бид өмнөд хөршийнхөө нүүрсний импортын 30 хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Оюутолгой 2013 оноос ашиглалтад ороод эхэлбэл 3.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргана. Энэ нь өнөөдрийн байдлаар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьтай тэнцэх хэмжээ юм. Манай улс газрын ховор элементийн нөөцөөрөө Хятадын дараа ордог. Тиймээс энэ салбарт ч амжилттай тоглох боломжтой гэдгийг “Fitch Ratings” баталжээ. Монголын гадаад валютын нөөц өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш өнгөрсөн аравдугаар сар хүртэлх хугацаанд 1.7 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн билээ. “Fitch Ratings” дэх Ази, Номхойн далайн бүс нутгийг хариуцсан ахлах мэргэжилтэн Андрью Колкухаун “Гадаад валютын нөөц нь нэмэгдэж байгаа зэргээс харахад Монголын эдийн засаг сэргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Гэхдээ эрсдэл дагуулж буй нэг зүйл байна. Тэр бол Засгийн газрын зардал хэт ихэсч байгаа явдал юм” гэжээ.

Дэлхийн банкны эдийн засагч Грайме Ханкок “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа Монголын алт олборлогчдын талаар онцолсон байх юм. Сүүлийн үед уул уурхайн компаниудыг шүүмжилж, байгаль орчин сүйтгэж байна гэх яриа их гарах болсон. Гэтэл нэг талаас тэдний лицензийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо гэхэд нэгэнт нөөц байгааг нь мэдсэн учраас хууль бус олборлогчид буюу нинжа нар тэр хавийн байгалийг аймшигтайгаар сүйдлэх нь ойлгомжтой гэж Г.Ханкок дүгнэжээ. Иймд тэрбээр албан ёсны, буцах хаягтай компаниудын олборлолтыг дэмжих нь чухал гэсэн байна. Монголын Засгийн газар уул уурхайн 1700 гаруй лиценз эзэмшигчийг дахин шалгасан. Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн энэ үйлдэлд Торонтод төвтэй “Galileo Global Equity Advisors”-ийн шинжээч Майкл Уоринг өөрийн дүгнэлтийг хийжээ. Тэрбээр “Монголын Засгийн  газрын энэ алхам нь уул уурхайн салбараараа дамжуулан эдийн засгаа тогворжуулсан хөгжингүй орнуудын жишгээр хийгдэж байгаа юм. Байгаль орчны аюулгүй байдал гэдэг ашигт малтмал олборлогч орнуудад эн тэргүүнд тавигддаг асуудал. Монгол ч үүнийг анхаарах ёстой” гэсэн байна.

Олон улсын “Business Monitor International”-ийн шинжээчид мөн л Монголын талаар тайлбар гаргасан байх юм. Энэ талаар www.riskwatchdog.com сайтад дурьджээ. Үүнд Монгол асар их байгалийн баялагтай учраас магадгүй ойрын 10 жилд эдийн засгийн өсөлтийн хурдаараа олон улсад дээгүүр бичигдэх боломжтой юм гэсэн байна. Ирэх таван жилд манай дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дунджаар 10.2 хувьтай байна гэж тооцжээ. Гэхдээ энэ нь ямар ч эрсдэл байхгүй гэсэн үг биш юм. Монголын банкны салбар тогтворгүй байгаа. Санхүүгийн хямралын үеэр банкуудын хөрөнгийн хэмжээ нэлээд савласан. Банкны үндсэн хөрөнгийн хөрвөх чадвар харьцангуй сул байгаа нь макро эдийн засагтаа нөлөөлж магадгүй юм. Түүнчлэн олон улсад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байгаатай зэрэгцээд инфляцийн түвшин нэмэгдэж байгаа. Ирэх 2011 оны эцэс гэхэд инфляци нэлээд өндөр хувьтай гарах магадлалтай юм. Гэхдээ урт хугацааны хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа нь сайшаалтай гэж “Business Monitor International”-ийн зарим шинжээч дүгнэсэн байх юм.

Бээжинд болсон “Lanting forum” уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой, хамтын ажиллагааны талаар Хятадын Гадаад хэргийн сайд Янг Жиечи илтгэл тавьжээ. Тэрбээр энэ үеэр “Хятад бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн том импортлогч орны хувьд Монгол, Вьетнам зэрэг орнуудын гол харилцагч болж байгаа. Хятадын 11 дэх удаагийн таван жилийн төлөвлөгөө ёсоор бол Хятадын хилийн чанад дахь шууд бус хөрөнгө оруулалтын 60 хувь нь хөрш орнуудад нь хийгджээ. Цаашид ч томоохон харилцагч хэвээр байна” гэдгийг онцолсон байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар тэд Монголын эдийн засгийн өсөлтийг Хятадтай холбожээ. Гэхдээ улс оронд нь үүсээд буй инфляциас болж мөнгөний бодлогоо хумин түүхий эдийн эрэлтээ бууруулах хандлагатай байгаа тул энэ нь цаашид манай эдийн засагт нөлөөлж ч болох юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж