“Ливерпуль” Европа лигийн 32-ын өрсөлдөөнд

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” Европа лигийн 32-ын өрсөлдөөнд


Европа лигийн D хэсгийн тав дахь тоглолтод Испанийн “Вильярреал”, Хорватын “Динамо Загреб” багийг талбайдаа 3:0-ээр хожсоноор есөн оноотой хэсгээс шалгарах нь тодорхой боллоо. Хэсгийн нөгөө тоглолтод “Брюгге”, “ПАОК” багууд 1:1-ээр тэнцсэн нь Испанийн багт боломж олгожээ. Энэ сарын 15-нд болох хэсгийн сүүлийн тоглолтод “Динамо”, “ПАОК” багийн аль хожсон нь хэсгээс шалгарна. Грекийн “ПАОК” тэнцэхэд л эрхээ авах боломжтой.

E хэсгээс шалгарах нь тодорхой болсон Беларусийн “БАТЭ Борисов” баг талбайдаа Украины “Динамо Киев” багт 1:4 харьцаатай хожигдсон байна. Ингэснээр Киевийн “Динамо” 10 оноотой хэсгээ тэргүүлж, ижил оноотой “БАТЭ” нэг бөмбөгийн алдагдалтай удаалж байна.

F хэсгээс нэгдүгээр байраар шалгарах нь хэдийнэ тодорхой болсон ч ОХУ-ын “ЦСКА” баг Швейцарийн “Лозанна” багийг 5:1 харьцаатай бут ниргэж, тав дахь ялалтаа байгууллаа. Нэг ч оноо алдаагүй яваа армийн багийн араас Чехийн “Спарта” дараагийн шатны эрхээ авсан байна. Италийн “Палермо” багийн талбайд 2:2-оор тэнцсэнээр чехүүд ийм эрхтэй болжээ.

J хэсгийн тав дахь тоглолтод хэсгээ тэргүүлж явсан хоёр баг учраа таарсан. Аль хожсон нь хэсгээс шалгарах эрхээ авах байсан тулаанд Францын “ПСЖ”, Испанийн “Севилья”-г 4:2 харьцаатай хожиж, 11 оноотой энэ хэсгээс шалгарах нь тодорхой боллоо. Харин сүүлийн тойрогт “Севилья”, Германы лигийг тэргүүлэгч “Боруссия Дортмунд” багийн аль хожсон нь хэсгээс шалгарах эрхээ авна. Одоогийн байдлаар есөн оноотой “Севилья” тэнцэхэд л хэсгээс шалгарна. Дортмундын баг Украины “Карпаты” багийг 3:0-ээр хожиж, найман оноотой хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна.

K хэсгээс Английн “Ливерпуль” баг дараагийн шатны эрхээ авлаа. Өчигдөр Румынд зочилсон “Улаанууд” Йовановичийн ачаар 1:0-ээр тэргүүлж эхэлсэн ч Пепе Рэйнагийн алдаанаас болж тэнцжээ. “Ливерпуль” есөн оноотой хэсгээ тэргүүлж, “Сяуа” зургаан оноотой удаалж байна. Харин хэсгийн нөгөө багууд “Утрехт”, “Наполи” 3:3-аар тэнцсэнээр дөрвөн оноотой боллоо. Энэ сарын 15-нд болох хэсгийн сүүлийн тоглолтод “Наполи”, “Сяуа” багийн тулаан хэсгээс гарах хоёр дахь багийг тодруулна.

L хэсгээс гарах багууд аль өмнөх тойрогт тодорхой болсон. Португалийн “Порту”, “Рапид Виена” багийн талбайд 3:1-ээр хожиж, 13 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Туркийн “Бешикташ” 2:1 харьцаатай Болгарын “София” багийг хожсоноор 10 оноотой удаалж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж