WikiLeaks-ийн есөн чухал нууц

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

WikiLeaks-ийн есөн чухал нууц

Нийтэд танилцуулахаар тавьсан WikiLeaks-ийн баримтуудад Ираны эсрэг Саудын Арабын хуйвалдаан, авлигад идэгдсэн Афганы удирдагчдын улс орноосоо авч гарах гэсэн 52 сая ам.доллар зэрэг олон нууц илэрсэн юм. Тэдний нэлээдгүй дуулиантай есөн түүхийг танилцуулж байна.

(“The Daily Beast”, АНУ)

1. Йемен өөртөө Америкийн нисгэгчгүй онгоцнуудын довтолгооны хариуцлагыг  авч байна

Тавигдсан баримтуудаар АНУ-ын “Аль-Кайда”-тай хийж байгаа довтолгоог Сана өөрөө явуулж байгаа мэтээр Йеман нийтэд мэдээлэн АНУ-ыг хайцаалж байжээ. «Бид нарынх биш бидний бөмбөг хэмээн зарлаж байх болно» хэмээн 2010 оны нэгдүгээр сард Йемены ерөнхийлөгч Али Абдалла Салех (Ali Abdullah Saleh) генерал Дэвид Петреуст хэлж байсан гэнэ. АНУ-ыг нуух гэсэн оролдлого нь ерөнхийлөгч парламентдаа нисэх хүчний цохилт өгсөн гэж “худал залсан” хэмээн Йемены ерөнхий сайд энэ талаар шоглоом болгон хэлж байжээ.

2. Хятад Google ба Далай-ламд кибер довтолгоо хийж байжээ

Google сүлжээнд халдсан кибер довтолгооны ард Хятадын эрх баригчид зогсч байжээ. Энэ тухай “хятад эх сурвалж” нь Бээжинд суугаа АНУ-ын Элчин яамны төлөөлөгч нарт “төрийн бүтцийн шуурхай ажилтнууд компьютерийн хорлон сүйтгэлийн зохион байгуулалттай тэр ажил­лагааг хийсэн” гэж хэлжээ. Өмнө нь Америкийн төлөөлөгч нар Хятадын эрх баригчдыг буруутгахаас татгалзаж байсан юм. WikiLeaks сайтын материалаас Бээжин хакерийн довтолгоог Google-ээс гадна АНУ ба түүний барууны холбоотнууд,  Gmail  дэх хятад тэрслүү үзэлтнүүдийн аккаунт ба Далай ламын компьютерийн эсрэг хийж байсан нь харагдаж байна.

3. Хиллари тагнуулчдыг НҮБ-д явуулжээ

Баримтуудад бичигдсэнээр Клин­тон НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлийн төлөөлөгч нарын зээлийн кар­тын дугаарыг, томилолтоор ихээхэн авдаг ажилтнуудынх нь цахим шуудангийн хаяг, утасны дугаар мөн ДНК-ийн баримт зэргийг мэдэхийг хүсчээ. Түүний шаардлагад нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ч хамаарсан байв. Төрийн нарийн бичгийн дарга “түүний ажлын арга барил ба нарийн бичгийн дарга нарын газартаа ямар нөлөөтэйг мэдэхээр хүссэн байв. Эдгээр асуулгыг 2009 оны долдугаар сард өгсөн байжээ. Өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс ч ийм захирамжийг  гаргаж байсан аж. Энэ үйл ажиллагаа нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд НҮБ-ыг байгуулах 1946 оны гэрээгээр тус байгууллагын үйл ажиллагаатай хутгалдан “мэдээлэл авахаар шаардах ба мөрдөн мөшгөхийг” хориглосон байгаа билээ.

4. “Назгай” Берлускони Путинтэй “нууц” холбоотой байв

WikiLeaks сайт Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконид тун тааруухан хандав. Ромд илгээгдсэн АНУ-ын элч төлөөлөгч Элизабет Диббл (Elizabeth Dibble) түүнийг «назгай, бардам, чадвар муутай европ лидер» гэж үнэлсэн байв. WikiLeaks-ийн өөр нэг барим­тад Берлускони «ихээхэн орой унтахаар хэвтдэг, үдэшлэгт ухаан­гүй дуртай» гэсэн байв. Мөн тэнд Берлускони ба Владимир Путин хоёрын дотны харилцааны тухай мэдээлэхдээ нэгэн нууц хоёр хэлтнээр үйлчлүүлэхээс гадна бие биедээ үнэтэй бэлэг сэлт барьдаг гэсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга өөрийн элчин сайд нараас энэ хоёр хүний хамтын арилжаа наймааны тухай, мөн тэдний нөхөрлөлийн бүх деталийн талаар мэдээлж байхыг шаардсан байлаа.

5. Саудын Арабын ван Америкийн армиар Иранд довтолгоо хийлгэхийг хүсч байна

Иранд цохилт өгөхийг Саудын Арабын ван АНУ-д хандан нэг биш удаа хүсч байсан ту­хай тэр улсад сууж байсан Америкийн элчин мэдээлсэн байв. Цөмийн хөтөлбөрийн хү­рээнд нь байгуулагдаж байгаа байгууламжуудад нь цохилт өгөн  «тэр могойн толгойг тасдаад өгөөч» гэж 2008 онд ван хэлж байжээ. Саудын Арабын Засгийн газар Ираны эсрэг Америкийн болон олон улсын хатуу хориг арга хэмжээ авахуулахыг хүсч байсан гэнэ. Израиль бас тийм ажиллагаа явуулах хэрэгтэй гээд 2010 оныг шийдвэрлэх  жил гэж байжээ. 2009 оны зургадугаар сарын баримтад мэдээлснээр Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак (Ehud Barak) мэдэгдэхдээ: «Бидэнд 6-18 сар л үлдээд байна. Энэ хооронд бид Ираныг цөмийн зэвсэгтэй болоход нь саад хийж чадна” гэж хэлсэн байна. Үүний дараа «цэргийн ямар нэгэн шийдвэр хүлээн авах аргагүй хохиролд хүргэнэ» гэж Барак хэлжээ. Бусад баримт бичгээс харвал Иран Хойд Солонгосоос Москва ба Европт цохилт хийх орчин үеийн пуужинг авсан гэж бичсэн байжээ.

6. Авлигад автсан Афганы дэд ерөнхийлөгч 52 сая доллар бэлнээр авч яваад баригдав

Өнгөрсөн жил Мансууруулах бодис­той тэмцэх албаныхан Ара­бын нэгдсэн эмиратад ирсэн Афганы дэд ерөнхийлөгч Ахмад Зия Масуд (Ahmed Zia Massoud) 52 сая ам.долларыг бэлнээр авч явсныг илрүүлжээ. Тэр мөнгийн “бага зэргийн” гэж нэрлээд АНУ-ын Элчин сайд мөнгө авч явахыг түүнд зөвшөөрсөн байв. Масуд Афганаас бэлэн мөнгө авчирсан гэдгийг үгүйсгэдэг.

7. АНУ Гуантанамогийн хоригдлуудыг солилцохдоо мөнгө төлж байв

Америкийн засаг захиргаа Гуан­танамо баазын шоронгоос хоригдлуудыг гадагш гаргахад нь ямар ч улстай мөнгө хөрөнгөөр тохиролцоо хийхэд бэлэн байна. Америкийн эрх баригчид 98 мянган хүн амтай Номхон далайн Кирибати улсад хятад гаралтай лалынхныг  авбал сая сая долларыг янз бүрийн тусламжийн маягаар өгнө гэж амласан байв. Тэд Словенийн албан тушаалтнуудыг Обаматай уулзуулах зэргээр худал­дан авч нэг хоригдлоо тийш нь өгөхийг оролджээ. Бельги хэрэв хоригдлуудыг авбал “Европт ихээхэн нөлөөтэй байдлыг хям­даар олж болно” гэсэн саналыг хүргүүлсэн байлаа.

8. АНУ ба Өмнөд Солонгос хоёр Солонгосыг нэгтгэхээр төлөвлөжээ

Солонгосын хойгт байдал хурц­даад ирэх цагаар АНУ ба Өмнөд Солонгосын төлөөлөгч нар БНАСАУ-ыг сүйрвэл хоср Солонгосыг нийлүүлэх талаар ярилцсан байв. Тэд үүндээ Хята­дын зөвшөөрлийг хэрхэн авах та­лаараа ярилцжээ. Өмнөд Солонгосын Элчин сайд 2010 оны хоёрдугаар сард Төрийн депар­таментад ярихдаа нэгдсэн Солонгос АНУ-ын холбоотон бол­сон нөхцөлд Хятадад эдийн засгийн өгөөшийг хаях нь тусална гэсэн байв.

9. Төрийн департамент Ангела Меркелийг тааруухан үнэлжээ

Цацагдах материалуудыг урьд­чилан авч дүгнэлт тоймоо хийсэн Германы Spiegel сонин Төрийн департамент канцлер Ангела Мер­кельд хүйтэн хандаж буйд нь шууд анхаарав. Германы удирд­лага харилцааныхаа агуул­гыг сайжруулахаар зоригтой алхам хийгээгүй гэж тэр үеийн Элчин сайд Уильям Тимкен (William Timken) 2008 онд илтгэсэн байв. Мөн илгээлтдээ Меркелийг “эрсдэл хийх дургүй, бүтээлч хандлага ховор гаргадаг гэж бичсэн байв. Германы дэд канцлер, Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле бол “агуулга муутай” гэж үнэлэгдсэн байжээ.

Нийтлэлийн эх сурвалж: The 9 Most Shocking WikiLeaks Secrets

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж