Луиш Фигу: Би дасгалжуулагч болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Луиш Фигу: Би дасгалжуулагч болохгүй

Луиш Фигу: Ойрын хугацаанд лав дасгалжуулагч болохгүй?

Португалийн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг болсон Луиш Фигу өнгөрсөн оны тавдугаар сард хөлбөмбөгчийн замналаа орхиж, хадаастай гутлаа ханандаа өлгөсөн билээ. Өнгөц харвал тэр цагаас хойш Фигугийн амьдрал тийм ч их өөрчлөгдөөгүй гэлтэй. Бие бялдрын хувьд урьдын л адил төгс хэвээр. FIFA-гийн 2001 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч байсан тэрбээр өдгөө Италийн “Интернациональ Милано” клубын олон улсын харилцааны менежерээр ажиллаж байгаа юм.

Европын аварга “Интер” удахгүй Арабын нэгдсэн Эмиратад болох FIFA-гийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Энэ тухай болон Фигугийн төрөлх нутаг Португалийн шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон Пауло Бентогийн талаар, мөн энэ жилийн Ballon d’Or-ыг хэн хүртэх боломжтой талаар Фигутэй ярилцсан ярилцлагыг толилуулъя.

-Луиш, бөмбөг өшиглөхөө больсноос хойш амьдрал тань хэр өөрчлөгдсөн талаар бидэнд сонирхуулаач.

-Одоохондоо бол “Интер Милан” клубын олон улсын харилцааны менежерээр ажиллаж байна. Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лиг, ФИФА-гийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, саяхан Цюрихт болсон сугалаа гээд янз бүрийн тэмцээнтэй холбоотой арга хэмжээнд оролцдог. Бас Inter Campus нэртэй нийгэмд чиглэсэн төсөл дээр ажиллаж байна. Энэ төсөл маань хөлбөмбөгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхий дахины хүүхэд, багачуудад туслахад чиглэж байгаа.

-Клубын дэлхийн аваргын тухай ярьсных нэг зүйл асууя гэж бодлоо. “Интер Милан” анх удаагаа өрсөлдөх гэж байна. Арабын нэгдсэн Эмиратад болох тоглолтод багийн зүгээс ямар зорилго тавьж байгаа вэ?

-“Интер”-ийн хувьд анх удаагаа энэ нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөх боломж тохиож байгаа. Тиймээс ялсан тохиолдолд клубын хувьд зорилгоо давуулж биелүүллээ гэж хэлж болно. Аваргуудын лигт түрүүлсний дараа клубын дэлхийн аварга бидний ээлжит зорилго болсон. Хэрэв цомоо авч чадвал үнэхээр гайхалтай. Ямартай ч бид аваргын цом өргөхийн төлөө боломжоо ашиглан хичээх болно. Ингэснээр шагналын цуглуулгадаа нэгэн гялалзсан сайхан амжилтын цом нэмэх болно шүү дээ. Бидний хувьд энэ маш чухал өрсөлдөөн.

-Аваргуудын лигт түрүүлсний дараа Жозе Моуриньо багаас явж, Рафаэль Бенитез түүнийг орлох болсон шүү дээ. Моуриньогийн орон зайг бүрэн гүйцэт нөхнө гэдэг бусад дасгалжуулагчдын хувьд хэр бэрхшээлтэй байдаг бол?

-Шинэ улирал, шинэ дасгалжуулагчийн удирдлага доорх шилжилтийн үе. Гэхдээ бид олон улсын тавцанд амжилт арвинтай, баялаг түүхтэй, авьяаслаг, туршлагатай дасгалжуулагчтай гэрээ хийж чадсандаа баяртай байгаа. Өнгөрсөн улирлын адилаар өндөр амжилт гаргах, амжилтаа ахиулах хүсэл эрмэлзэл бидэнд бий.


-Дасгалжуулагч гэснээс тантай мөр зэрэгцэн тоглож байсан Пауло Бенто Португалийн шигшээ багийн дасгалжуулагч болчихлоо?

-Би түүнийг маш сайн мэднэ. Бид хамтдаа нэлээн хэдэн жил шигшээдээ зүтгэсэн. Пауло үнэхээр сайн мэргэжилэтэн, жинхэнэ ялагч шүү дээ. Үндэсний шигшээ багийн хамтаар шинээр эхлүүлж буй шинэ эринд нь амжилт хүсэх хэрэгтэй. Португальчуудад олон баяр тэмдэглэх боломж олгоно гэдэгт нь итгэлтэй байна.

-Харин таны хувьд яах бол. Луиш Фигуг хэзээ дасгалжуулагч болсон байхыг харах бол оо?

-Одоо лав биш. Шулуухан хэлэхэд, одоо хийж байгаа ажилдаа би сэтгэл хангалуун байдаг. Ойрын хугацаанд лав дасгалжуулагч болохгүй. Толгойд минь өөр олон ажлын санал бий.

-Хүмүүнлэгийн, буяны ажил гээд л үү?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Олон нийтийн өмнө ил байдаг хүний хувьд бусдад тусалж, дэмжинэ гэдэг миний хийх ёстой, хийж чадах ч зүйл. Энэ нь надад урам зориг өгдөг. Залуучуудад шинэ соргог боломж олгох, амьдралын нөхцөл бололцоог нь сайжруулахад туслахыг зорьдог миний нэрэмжит хүмүүнлэгийн сан байдаг. Inter Campus-ын хажуугаар сангийнхаа ажилд өөрийгөө зориулж байна даа.

-Сүүлийн асуулт. 2010 оны Ballon d’Or-т нэр дэвшигчид тодорсон байгаа. Таныхаар энэхүү нэр хүндтэй шагналыг хэн хүртэх бол?

-Гол өрсөлдөгч гэвэл Уэсли Снейдер, бас Өмнөд Африкийн дэлхийн аваргад түрүүлсэн Испанийн тоглогчдыг нэрлэх ёстой. Энэ шагналын эзнийг тодруулах шийдвэрт ДАШТ чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. Мэдээж Шави, Андрес Иньеста, Давид Вилья нар Ballon d’Or-ыг хүртэх гавьяатай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж