”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг 1890-ээс лавлаж болно

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

”Хүний хөгжил сан”-гийн мөнгийг 1890-ээс лавлаж болно

Монгол Улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн  нэг сая 559 мянга 271 иргэн  буюу нийт бүртгэгдвэл зохих насанд хүрсэн иргэний 82.2 хувь нь хамрагджээ. Үүнээс нийслэлд 647 мянга 789 иргэн буюу 80.5 хувь, орон нутагт 911 мянга 482 иргэн буюу 83.5 хувьд хүрээд байгаа аж.  Шинэчилсэн бүртгэлд Архангай аймаг 90.3 Дундговь 91.6, Дорноговь 92.4 Баянхонгор 90.9, Өмнөговь 92.5, Сүхбаатар 91, Увс 90.2 хувьтай өндөр үзүүлэлттэй явагдаж байгаа бол харин нийслэлээс Багануур дүүрэг 93.8, Багахангай 89.4, Чингэлтэй 87.4 хувьтай иргэдээ хамруулснаар тэргүүлж байна. Өнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн нэрийн жагсаалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгөх ажлыг 14 удаа зохион байгуулж, нийт 826 мянга 665 мянга гаруй иргэний мэдээллийг хүргүүлээд байгаа аж. Иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэд Хүний хөгжил санаас сар бүр олгож буй мөнгийг авах эрх үүсч буй. Гэвч бүртгүүлснээс хойш тухайн иргэний нэр банкинд очтол хугацаа шаардаж байгаа юм. Тиймээс шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэн Хүний хөгжил сангаас сар бүр олгох мөнгийг авах эрх үүссэн эсэхийг хэрхэн мэдэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан н.Нямцэцэгээс тодрууллаа.

-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд Хүний хөгжил сангаас олгох мөнгөө авах эрхтэй болж байгаа. Тэд нэрээ банкинд очсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Иргэдийн зүгээс энэ асуултыг их асууж байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ч гэсэн тодорхой хугацааны дараа тухайн иргэний нэр банкинд байршина. Зарим иргэд байн байн банкинд очиж, бухимдах тохиолдол гарч байна. Тиймээс иргэдэд чирэгдэлгүй байх үүднээс 1890 утсаар нэрээ орсон эсэхийг лавлах боломжоор хангасан. Тодруулбал 1890 утас руу залгаад регистрийн дугаар юмуу бар кодоо манай мэргэжилтнүүдэд хэлж нэрээ банкинд байршсан эсэхийг лавлаж болох юм.
-1890 утас руу залгахаар холбогдохгүй удаж байна гэх гомдол байна л даа?
-Олон хүн нэгэн зэрэг хандаж байгаа болохоор ачаалалтай байгаа. Тэгэхээр интернэтэд холбогдох боломжтой хүмүүс манай байгууллагын http://www.citizenmongolia.com хаягаар юмуу Улсын бүртгэлийн Ерөнхий газар гэж ороод онлайн лавлах хэсэгт yahoo messenger-ээр мэргэжилтэнтэй холбогдож тодруулж болно. Энэ лавлагаа ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд ажиллах юм.
 
С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж