
МАХН-ын дарга нар намынхаа нэрийг сольж МАН болгоод, “Ардын нам, ардын засаг мандтугай” гэсэн ангич уриа дэвшүүлээд удаагүй байна. Зүв зүгээр 86 жил зүүсэн “хувьсгалт” гэдэг тодотгол өнгөрөгч намар гэнэтхэн эздэдээ эвгүй санагджээ. Ингээд яаран зарласан их хурлаараа балагт үгийг нэрээсээ арчиж санаагаа амраацгаав.
Аль 1990 оноос хойш энэ үгийг гээх санал олон гарч байсан ч энгэрээсээ арай ч гөвөөд хаячихалгүй өдийг хүргэсэн юм. Гэтэл “хувьсгалт” хэмээх үг хуучирч муухай болсондоо ч өнөөдөр шоовдорлогдоогүй бололтой. УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө нэрээ өөрчилж, зүсээ хувиргах шалтгаан ууган намынханд зайлшгүй байжээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн МАХН-ынхан айлуудаар 1,5 сая төгрөг бэлнээр олгохын баталгаа болгон “Батламж” гэсэн зүйл тараасныг сонгогчид лав санаж байгаа. Хорин мянгатын дэвсгэрт дээр хүүхдийн зурагтай облигац маягийн тэр зүйлийг одоо ч хадгалж байгаа иргэд бий л байх. Хөдөөгийн зарим малчин нэг л өдөр тэр облигац “амилж” банкны өр зээлд дэнчин болгоод тавьчихсан хэдэн мал нь чөлөөлөгдөнө хэмээн найдаж сууж ч мэднэ. Өрхийн гишүүдийнхээ 1,5 сая төгрөгийг нийлүүлж ахуй амьжиргаагаа өөд татах, жижиг үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй сонгогч цөөнгүй байсан нь худлаа биш.
МАХН сонгуульд ялж гэмээнэ гэдэс цатгалан, мөр бүтэн болж, гар дээрээ 1,5 сая төгрөг тавьж үзэхийн мөрөөдөлд автсан олон хүн санал хураалтын байр руу итгэл дүүрэн орсон байж таарна. Ялдаг л юм бол энэ мөнгийг та нарт өгнө хэмээн бэлэн амлаж байсан МАХН-ын дарга нар харин одоо нэрээ сольж зүсээ бурууллаа.
Энэ 1,5 сая төгрөгийн амлалт уг нь тэдний санаа биш байсан юм. Ардчилсан намынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайн үр ашгаас иргэн бүртээ нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлнэ гэснийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхдээ МАХН-ын дарга нар олж мэдчихээд санд мэнд мөрийн хөтөлбөрөө буцаасан. Хөтөлбөртөө “1,5 сая төгрөг бэлэн өгнө” гэсэн өгүүлбэр нэмж сонгуульд нам бүртгэх хугацаа хариугүй дуусах гэж байхад үдшийн бүрийгээр амжиж сонгуульд орох эрхээ авч байсныг тэр үеийн сонины нийтлэлүүд гэрчилнэ. Тэр цагаас хойш УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа хэтэрсэн ч иргэд энэ оноос л 120 мянган төгрөг гар дээрээ авч горьдлогоо нөхөж байна. “Оргүйд орвол” гэгчээр эрх баригчид цонхны цаанаас чихэр долоолгочихоод, “ирэх жил сар болгон 21 мянган төгрөг олгоно. Сонгууль хүртэл 500 мянган төгрөгөө бэлнээр аваад, үлдсэн нэг сая төгрөгөө үйлчилгээ маягаар хүртээрэй” гээд суучихсан. Хөдөөний хүн хотын найранд ирчихээд “Халзан цагаан хонь аваарай” гэсэнтэй л ялгаа алга. Хаана байгаа, хэзээ ч өгөх халзан цагаан хонь юм.
Анхнаасаа тэр батламжаа айл болгонд ч өгөөгүй юм билээ. Жаахан гэнэхэн, ажил төрөл муутай шиг, итгэмтгий, сонгуульд саналаа хаана ч өгч мэдэхээр гуйвж дайвсан хэсгийн өвөрт хийж өгсөн эд. Нөгөөдүүл нь тэр “сайхан” батламжаас адис хүртээд “МАХН-даа саналаа өгнө. Ахиу юм амлалаа чааваас” гээд харайлгачихсан. Иргэн таны сонголтоор баталгаажна гэсэн болохоор 1,5 саяа баталгаатай болгох гэж тэр.
Гэнэн цагаандаа гол гаргуулсан тэд ирэх 2012 оны сонгуульд дахин санал өгнө гэдэг гонж болчихоод байгаа. Тэгээд ууган намын дарга нар ухаан сийллээ л дээ, сая. Намынхаа нэрийг өөр болгочихвол ял улаас салж болно гэж сэтгэжээ. Түүний золиос нь “хувьсгалт” гэсэн үг болж таарав. “Коминтерний манайд тулгаж өгсөн энэ муухай үгийг аваад хаячихвал МАХН төрөл арилжаад түмэнд танигдахгүй болно. МАХН-аас сонгуулийн амлалт, батламжаа нэхвэл “Манайх МАХН биш МАН. Тэр амлалтыг МАН биш МАХН өгсөн” гэж бултах нь л дээ. Тэр амлалтаас болж олон хүний горьдлого тасарсан. Басхүү улсын төсөв сүйрч, төсвийн гуравны нэгийг дан халамж тэтгэлэг эзлээд байна. Хүний хөгжлийн сангаас олгоно гэсэн атлаа тэнд мөнгө дутахаар төсвөө суйлаад эхэллээ. Сонгогчдодоо худлаа амласан, улсын төсөв сүйрүүлсэн, долдугаар сарын 1-ний хэрэг явдлын хохирол тасраагүй гээд олон шалтгаанаас нэр бүтэн гарах гэхдээ намынхаа нэрийг хагасалж мундраа хутгалаа. Амлалт биелээгүй, батламж хоосон цаас болсон, төсөв муудсан, долоон сарын 1-ний хэрэг мандсан бүхний буруутан нөгөө муу “хувьсгалт” гэсэн үг болж архивт оров.
Хэрэг хийсэн хүн л нэр усаа сольж олноос дайждаг. Түүн шиг гэмээ далдлах гэж, батламжаас бултах гэж намынхаа нэрийг сольсон МАН-ын дарга нар 2012 оны сонгуульд энхийн цагаан тагтаа болж орох нь ээ. Гэхдээ сонгогчид худлаа хэлсэн Дондов нь Долзод болоод ороод ирэхийг эрх биш таних байлгүй. Ичсэн хүн хүн ална гэдэг л МАН-ын дарга нарт ирлээ дээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ