Аялал жуучлал уул уурхайд байраа тавих болоогүй

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Аялал жуучлал уул уурхайд байраа тавих болоогүй

Монголын нүүр царай болсон аялал жуулчлалын салбарын хөгжил хаана явна вэ гэдгийг харж болох үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран зохион байгуулж буй эл яармаг зургаа дахь жилдээ үйлчлүүлэгчдэдээ үүд хаалгаа нээж байгаа нь энэ. “Mongolia ITF-2010” үзэсгэлэнд зочид буудал, жуулчны бааз, нислэгийн компани гээд энэ салбартай холбоотой олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 106 байгууллага цугласан байлаа. Гар урлал, бэлэг дурсгал, газрын зургийн компаниуд ч тэр дунд байв. Мөн хөрш зэргэлдээх улс болох Өвөрмонгол, Буриад, Эрхүү хотын аялал жуулчлалын дөрвөн компанийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр бизнесийн байгууллагуудын дунд өрсөлдөөн бий болж, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирчээ. “Mongolia ITF” үзэсгэлэн нь хувийн хэвшлийнхэнд туршлага солилцох, хамтран ажиллах холбоо тогтооход чамгүй нэмэр болох аж.

Жуулчдыг татах үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал манайд бий. Тэрхийн цагаан нуур, Гурван сайхан уул, Хоргын тогоо, Хөвсгөл далай гээд тоочвол арвин жагсаалт гарах биз ээ. Харин тэднийг гадна дотны жуулчдад сонирхуулж, бизнес болгох нь урлаг, ухаан шаардсан хэрэг. Нэг үеэ бодвол манай аялал жуулчлалын салбар хөгжиж, өндийжээ. Гадаадын жуулчин хүлээж авах чадвар нэлээд сайжирсныг “Mongolia ITF-2010” үзэсгэлэнгээс анзаараарай. Монголд нийтдээ 320 зочид буудал байдгаас гадаад, дотоодын зочдын өмнө нүүр улайлгахааргүй нь  60 орчим гэнэ. Зэрэглэлтэй буудлын жагсаалтыг олон улсын сүлжээ буудал “Armada”, “Кемпински”, “Чингис”, “Сүнжин Гранд” тэргүүлжээ. Харин жуулчны бааз 330 байдгаас 70 гаруй нь цэцгийн зэрэглэлтэй байна. Тэгвэл жуулчны компани 520 гаруй байна.

Үзэсгэлэнд оролцогчдоос Монголд төлөөлөгчийн газар бүхий “Go Help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага анхаарал татсан юм. Эднийх жил бүр Лондон-Улаанбаатар чиглэлийн авто ралли зохион байгуулдаг уламжлалтай. Оролцогчид 1000 паундын хандив өгснөөр энэ арга хэмжээнд оролцдог, энэ мөнгийг хүмүүнлэгийн үйлсэд зориулдаг гэнэ. Энэ оны авто раллид Англи, Ирланд, Бельги, Австралийн 19 багийн 47 хүн оролцож өнгөрсөн аравдугаар сард өндөрлөжээ.

Жуулчдыг татахад харин авиа компаниудын зүгээс дорвитой зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг учир мэдэх хүмүүс хэлж байв. Учир нь Монголыг чиглэсэн нислэгийн тоо цөөн, харин жуулчдын тоо зуны улиралд нэмэгддэг. Харилцан уялдаагүй энэ байдлаас болж нислэгийн тийзийн үнэ өндөр байдаг байна. Юутай ч МИАТ компани 2012 оноос онгоцны тоогоо хоёроор нэмж, нислэгийн хуваариа нэмэгдүүлнэ гэсэн найдлага аялал жуулчлалынханд төржээ.
“Энэ олон замын хаагуур нь явах вэ” гэж хөдөөний замыг хошигнох нь бий. Ялангуяа газар мэдэхгүй, гадаадын иргэдийг аялал хийж явахад олон салаа зам түвэгтэй байх нь мэдээж. Тэгвэл жил бүр аялал жуулчлалын  газрын зургийг шинэчлэн хийдэг юм байна. Монголд газрын зураг үйлдвэрлэдэг гурван компани байдгийн нэг нь үзэсгэлэнд оролцож байлаа. Аялал жуулчлалын газрын зургийн шинэчлэгдсэн хувилбарыг жил бүрийн 5-6 дугаар сард гаргаж, худалдаанд тавьдаг гэнэ.

Уул уурхайн салбарт байраа тавьж өгч буй аялал жуулчлалын салбар цааш өөрийгөө авч явах чадалтай болсон нь илт. Монгол Улсын тэргүүлэх аялал жуулчлалын салбарт өвлийн гэх шинэ өнгө орж ирээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Үүний хүрээнд хэд хэдэн ажлыг уламжлал болгон явуулсны үр дүнд эрс тэс уур амьсгалтай манай улсыг зорих өвлийн жуулчидтай болжээ. Түүнчлэн “Sky resort” гэх цаны бааз байгуулагдсан нь нэмэр болсон гэнэ. Энэ мэтээр аялал жуулчлалын салбарын хөгжил, дэвшил хаа явааг сонирхуулах олон сонин хачин байна.

Ирэх гуравдугаар сард Герман улсад болох дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB”-д Монгол Улс “Соёлын түнш” болон оролцохоор болсон бөгөөд энэ ажил манай аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэж салбарын сайд Л.Гансүх хэлж байсан юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж