FIFA-2018 ОХУ-д, FIFA-2022 Катарт

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

FIFA-2018 ОХУ-д, FIFA-2022 Катарт

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Швейцарийн Цюрих хотноо байрлах холбооны төв байранд хуралдаж, нууц санал хураалтаар 2018 болон 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсын нэрийг зарлалаа. Санал хураалтын өмнө эрхийн төлөө өрсөлдөгч орнууд сүүлийн илтгэлээ тавьсан бөгөөд бүгд л хамгийн сүүлийн шалгуурт боломжит оноог авахаар мэрийсэн гэж болно. Түүнчлэн эх нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулах эрх авчрахын тулд дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулсан хөлбөмбөгийн төдийгүй спортын одод, урлаг соёл, улстөрийн зүтгэлтнүүд Цюрихт цуглаад байлаа.

2018 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний “нийслэл”-ээр манай хойд хөрш болох ОХУ сонгогдсон бол 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад зохиогдохоор боллоо. Ямартай ч монголчууд бидний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн найман жилийн дараа тун ойрхон ирэх гэж байна.

Ийнхүү хөлбөмбөгийн спортын түүхэнд ОХУ болон Катар улсууд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээн авах гэж байна.

2018 оны эрхийн төлөө ОХУ-аас гадна Англи улс дангаараа, Нидерланд-Бельги болон Испани-Португаль хамтран өрсөлдсөн юм. Эдгээрээс Англи улс ялах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан ч эхний шатны санал хураалтаар хасагджээ. Харин 2022 оны эрхийн төлөө Катар, Өмнөд Солонгос, Япон, АНУ болон Австрали улсууд өрсөлдөж, олон сонирхолтой, шинэлэг зүйлсийг санал болгосон Катар ялагчаар тодорлоо. Катар улсын хувьд ердөө 1,6 сая хүн амтай бөгөөд дэлхийн аваргын түүхэнд нэгэн өвөрмөц амжилт болон үлдэх болж байна.

Санал асуулгад FIFA-гийн удирдах зөвлөлийн 22 гишүүн оролцож, нууц хэлбэрээр саналаа өгсөн юм. Санал өгөх эрх бүхий хоёр гишүүн өрсөлдөгч хотуудаас авилга авсан нь тогтоогдсон учир эрхийг нь түдгэлзүүлж, улмаар үлдсэн 22 гишүүн саналаа өгчээ. Тэдгээр гишүүд нь FIFA-гийн ерөнхийлөгч Сепп Блаттер, долоон дэд ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн бусад 14 гишүүн.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэр хүнд, хамрах цар хүрээ, хүртээмж зэргээрэээ зөвхөн зуны олимпийн наадамтай л эн зэрэгцэх дэлхийн спортын салбарын чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ. Зохион байгуулж буй улсынхаа эдийн засагт тэрбум тэрбумаар нь доллар авчирдаг болохоор санал худалдах, авилга, хээл хахуультай холбогдох нь дамжиггүй. Энэ удаад ч FIFA-гийн эрх бүхийн хоёр гишүүн саналаа худалдахыг зөвшөөрч, их хэмжээний авилга авсан нь тогтоогдож, улмаар хөлбөмбөгийн спорт руу өнгийх эрхээ хүртэл хасуулсан. Тиймдээ ч FIFA-гийн түүхэн дэх хамгийн нарийн нягт шалгууртай, ээдрээтэй үйл явц болж өнгөрлөө.

FIFA-гийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө олон улс орон өрсөлддөг нь гайхах зүйлгүй. Анх 1930 онд Уругвайд дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болсноос жил ирэх тусам хүрээгээ тэлсээр ирсэн ДАШТ өдгөө улс төрийн болоод эдийн засгийн онцгой завшаан болж хувирсан юм. Тэмцээн өрнөх нэг сарын хугацаанд тухайн улс, хот дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймдээ ч тухайн улсад үзүүлэх нөлөө нь асар их. Сонирхуулахад, Герман улс 2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээн авснаар 150 сая еврогийн ашиг олсон хэмээн Bloomberg тооцоолсон бол хэрэв Англи улс 2018 оны дэлхийн аваргыг зохион байгуулж чадвал улсынхаа эдийн засагт 4,7 тэрбум ам.доллар авчирна хэмээн Британийн Засгийн газар тооцоолж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж