Цаазын ялыг 25 жил болгон хөнгөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Цаазын ялыг 25 жил болгон хөнгөрүүлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Б.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ. Шүүх хуралдаанаар Б.Жаргалсайханд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 18 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн бол цаазын ял сонсоод байсан  Ц.Амгаланбаатарт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн ялтан Ц.Амгаланбаатарыг үйлдсэн хэргийнхээ талаар шударгаар мэдүүлсэн, анх удаа  дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ийнхүү 25 жил болгон  хөнгөрүүлжээ.
     
    Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт 2004 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө Б.Жаргалсайхантай бүлэглэн, шунахайн болон танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж иргэн Ө-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлджээ. Мөн иргэн Э-г дээрх онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг өгсний улмаас тэрээр цагдан хоригдож, хүнд хор уршиг учирсан аж. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр танхайн сэдэлтээр хохирогч О-г зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

    Орхон аймаг дахь сум дундын шүүх өнгөрөгч зургадугаар сард дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Амгаланбаатарт цаазаар авах ял, харин Б.Жаргалсайханд 18 жил хорих ял тус тус оногдуулсан бол  Орхон аймгийн шүүх өнгөрөгч есдүгээр сард уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.

    С.Отгон

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж