
Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт 2004 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө Б.Жаргалсайхантай бүлэглэн, шунахайн болон танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж иргэн Ө-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлджээ. Мөн иргэн Э-г дээрх онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг өгсний улмаас тэрээр цагдан хоригдож, хүнд хор уршиг учирсан аж. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр танхайн сэдэлтээр хохирогч О-г зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Орхон аймаг дахь сум дундын шүүх өнгөрөгч зургадугаар сард дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Амгаланбаатарт цаазаар авах ял, харин Б.Жаргалсайханд 18 жил хорих ял тус тус оногдуулсан бол Орхон аймгийн шүүх өнгөрөгч есдүгээр сард уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.
С.Отгон