
Анх 2000 онд зах зээлд гарч стратегийн видео тоглоомын ертөнцөд хувьсал хийж байсан “Shogun total war” нь ийнхүү Rome Total war, Mediewal Total war, Empire Total war, Napoleon Total war нарын адилаар тэднийг залгамжлан дээд зэргийн дүрслэлтэйгээр бодит цаган стратегийн тоглоомын шинэ нүүр царай болон худалдаанд гарах аж. Энэ онд Creative Assembly болон Sega корпораци нь Napoleon Total war-ыг худалдаанд гаргаж өөрсдийн фэнүүддээ бэлэг барьж байсан. Ер нь тэд 2000 оноос хойш жил бүр шинэ цуврал болон өргөтгөлүүдийг нэмж худалдаанд гаргадаг уламжлалтай. Энэ ёсоороо ч ирэх оны сюрпризээ дэлгэж байгаа нь энэ юм байна.
“Shogun Total war-2” нь ерөнхийдөө 10 жилийн ойдоо барьж буй тэдний бэлэг гэж тооцож болно. Зохиолын хувьд дундад зууны японы феодалын нийгмийг харуулсан ба бие даасан есөн овог аймгаас сонгон тоглох боломжтой, өмнөх цуврал Napolean Total war-ыг орчин тойрны дүрслэл, стратегийн болон тулааны горимийн цар хүрээ зэрэг аль ч талаараа давж гарсан томоохон бүтээл болсон аж. Нэг тоглогчийн тулааны горимд дээд тал нь 56000 цэрэг дайчид нэгэн дор дүрслэгдэх боломжтой зэрэг гайхалтай үзүүлэлт “Shogun Total war”-д бүрджээ.
Уламжлал ёсоор ганц ба нэгэн зэрэг найман тоглогч сүлжээгээр тоглох боломж бүхий олон тоглогчийн горимтой. Өмнөх бүх Total war-ын цувралыг шинэчлэн хөгжүүлж гарах гэж буйн нэг гол жишээ нь AI буюу тоглоомын хиймэл оюун ухаан. Таны эсрэг тоглож буй овог аймгууд үнэхээр гайхалтай гэмээр хиймэл оюун ухаанаар зэвсэглэгдсэн нь стратегийн горимд тоглох үед та бүрэн мэдрэх болно хэмээн албан ёсны сайтад нь дурдсан байна. Тиймээс тоглоомын өрсөлдөгч тал тань хйимэл оюун ухаан нь өндөр хөгжсөн тул таныг зальдах, гэнэдүүлэн довтлох, аль эсхүл хуурамчаар найрамдал байгуулж хүчээ бэхжүүлэх, дайсантай тань нийлж таны эсрэг эвсэл байгуулах зэрэг үйл явцыг таны эсрэг гарамгай хийх болно хэмээн мөн сайтад дурдсан байна. Бас нэгэн онцлох зүйл бол далай тэнгисийн тулаан юм. Өнгөрсөн жилээс буюу Empire Total war-аас эхлэн далай тэнгисийн тулааныг цувралд багтаан шинэ ахиц дэвшил гаргаж байсан Creative Assembly-гийнхан энэ удаад ч мөн усан дээрх тулааныг мартсангүй. 2000 онд гарч байсан Shogun-ий анхны анги дээр хот тосгодыг хөгжүүлэх улс гүрэн, хүчин чадлаа дээшлүүлэх ямар нэгэн тоглолт байдаггүй. Тэгвэл Shogun-ий хоёрдугаар ангид энэ нь шинээр нэмэгдэн орох юм. Энэ талын онцлогийг тоглоомын бүтээлчдын зүгээснууцлаж буй бөгөөд ирэх оноос зар сурталчилгааны кампаниа идэвхжүүлэх үеэр нийтэд дэлгэх болно хэмээн Creative Assembly-гаас гаргасан нэгэн мэдээлэлд дурдсан байна.
Ийнхүү стратеги тоглоомын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлогч Total War цуврал ирэх жил Shogun-aa шинэчилж хүүхэд залуус, стратегийн видео тоглоом сонирхогчдод бэлэг барих нь ээ.