Л.Гансүх: “Mongolia ITF”-ийн нэр хүнд жилээс жилд өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Л.Гансүх: “Mongolia ITF”-ийн нэр хүнд жилээс жилд өсч байна

“Mongolia ITF-2010” үзэсгэлэнгийн нээлт дээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө

“Mongolia ITF-2010” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцож байгаа болон үзэсгэлэнг сонирхохоор хүрэлцэн ирсэн дотоод гадаадын зочид төлөөлөгч, ноёд хатагтай та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн зарлагдсанаас хойш энэ ажлын хүрээнд хийгдэж буй томоохон арга хэмжээний нэг нь “Mongolia ITF” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм.

Аялал жуулчлал гэдэг их онцлог салбар бөгөөд олон салбарын хөгжил, дэвшил, үйл ажиллагаанаас шууд хамаарч, басхүү тэдгээр салбарынхаа хөгжилд түлхэц үзүүлж, хурдасгуур нь болж байдаг билээ.

Өдгөө зургаа дахь удаагаа зохиогдож байгаа энэ үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд өргөжин тэлж, гадаад дотоодын олон байгууллага, аж ахуйн нэгж хамрагдах болсон нь “Mongolia ITF” үзэсгэлэнгийн нэр хүнд, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн нэг том үзүүлэлт юм.

Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр үйлчилгээний байгууллагууд чөлөөт өрсөлдөөний зарчмаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, маркетинг сурталчилгаандаа сайтар анхаарах болсон бөгөөд “Mongolia ITF” үзэсгэлэн нь хувийн хэвшлийнхний энэ хэрэгцээ шаардлагыг бүрнээ хангасан нэн саашаалтай арга хэмжээ болон тогтмолжиж байгаад баяртай байна.

Гурван өдөр үргэлжлэх энэ үзэсгэлэнгээр аялал жуулчлалтай холбоотой ажилладаг хэн бүхний хамтын ажиллагаа, ажил хэрэг, бизнест ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирэх гуравдугаар сард Герман улсад болох дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Ай-Ти-Би-д Монгол Улс “Соёлын түнш” болон оролцохоор болсон бөгөөд энэ ажил манай аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэн яармагийг гардан зохион байгуулсан Аялал жуулчлалын үндэсний төв болон хамтран ажилласан байгууллага хамт олонд ажлын амжилт хүсэхийн хамт гадаад орнуудаас оролцож буй төлөөлөгчдөд дахин халуун талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж