Оддын үйлдвэр “Тодес”

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Оддын үйлдвэр “Тодес”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    1987 оны гуравдугаар сарын 8. Осети. Энэ цаг, газар бол “Тодес”-ийн түүхийн эхлэл юм. Тэдний амжилт, эцэж цуцалтгүй ажлын түүх эндээс эхэлсэн. “Эксперимент” хамтлагийн бүжиг, “Тодос”-ын брейкнээс Европ даяар алдашсан Алла Духовагийн алдарт балет үүссэн түүхтэй. “Эксперимент”-д Алла, түүний эгч Дина Духова, Ивона Кончевска, дараа нь Марина Лицова, Лена Шлык байсан бол «Тодос»-т гудамжны брейкчид Сергей Вороноков, Вячеслав Игнатьев, Роман Маслюков, Андрей Гавриленко, Геннадий Ильин, Николай Иванов, Валерий Миронов, Виталий Пронинцев Александр Глебов, Юрий Рыбаловлев багтаж байв.Эхний үед Алла Духова өөрөө бүжиглэн, хувцасны загвар зохион, найруулж байсан ч бүжиг, зохион байгуулалтын ажлыг хамтад нь хийх аргагүйг ойлгосон. Хэн нэг нь удирдан зохион байгуулахаас өөр аргагүй болсон тул хуралдан хамт олноороо Аллаг сонгосон байна. Энэ үеэс тэд эстрадын дуучидтай хамтран ажиллах болж, тэдний тоглолтын тасалбар хялбар олдохоо больж эхэлсэн байна. Хойд Кавказыг бараг бүтэн тойрсон тэдний тоглолт үргэлж танхим дүүрэн үзэгчтэй, бяцхан хүүхэд ч тодес гэдэг үгийг мэддэг болсон байв. Гэтэл энэ үед тэднийг Осетийн филармоноос халж орхисон гэнэ. Хамтлагийн менежер Леня тэдний талаар хов жив бичиж, матдаг байв. Өлсгөлөнгийн үе эхэллээ. Хааяа олдох халтуураар амьдарна. Люберцийн дотуур байранд заримдаа ганц талх хувааж идээд хонох үе  ч байв. “Гайхалтай нь тэр үед хэн ч хамтлагаас гарах тухай яриагүй. Ажилд ороод хүн шиг амьдарч болох ч бүгд тайзанд хэт хайртай болсон байлаа. Тайзан дээр л гарч байвал олон мянган хүн байна уу, тосгоны жижигхэн талбай байна уу хамаагүй. Тайз гэдэг биднийг хар тамхи шиг л татаж байлаа” гэж Духова дурсаж байна. Тэр үед Люберцэд залуучуудын “Любер” хөдөлгөөн үүссэн байлаа. Том биетэй дайчин залуус панкуудыг зоддог байсан үе. Гэтэл дэргэд нь ээмэг зүүж, гангалсан “Тодес”-ийн бүжигчид гараад ирдэг. Гэхдээ тэд найз нөхөд болж чадсан юм. Бүжигчид хоол ундгүй хэцүү байгааг мэдсэн люберчууд талх цай авчирч өгдөг байсан гэнэ. Сүүлдээ тэнд манай залууст үнэгүй хоол өгдөг хоолны газрууд гарч эхэлсэн байна. Мэдээж гурав хоног хоол идээгүй залууст хааяа нэг ходоодоо дүүртэл төмс, котлет идэх сайхан байж таарна. Гэхдээ эндээс өөр тийш хөдлөх хэрэгтэй байлаа. Өрөвч тогоочын өгсөн хоолыг идэх гэж тэр Рига хотоо хаяагүй. Энэ үед нэг бүжигчнийх нь аав А.А.Бирман тэдэнд тусалсан байна. Тэр Рига хотын филармонид ажиллан, Алла Пугачёва, “Машина времени” хамтлаг гэх мэт томчуудын концерт зохион байгуулдаг байв. Түүний ачаар тэд Челябинск хотод болсон “Браво”, София Ротару, Игорь Тальков, “Рондо” зэрэг агуу одуудын тоглолтод оролцлоо. Анх удаагаа ийм их од харж байгаа залуус гайхаж цочирдох нь гарцаагүй. Дуучид ч тэднийг ер тоосонгүй. Гэвч тайзан дээр гаран бүжиглэж эхлэнгуут нь бүгд тэднийг өөрөөр харах болсон юм. Аялан тоглолт дуусаад хэдхэн хоногийн дараа София Ротару Алла дээр ирж, хамт тоглох уу гэсэн санал тавьсан байна. Ийнхүү тэд таван жил София Ротарутай ажилласан юм.

     “Тодес”-ийн 5 жилийн ойгоор саятан Игорь Попов тэдэнд зориулан шоу хийсэн байна. Филипп Киркоров, Татьяна Буланова, Саша Буйнов нар “Тодес”-т зориулан дуулж байв. Энэ концертийн дараа “Тодес” хэн нэгнийг дагаж гарах биш, өөрсдөө бүтэн концерт хийх чадалтай болсон нь харагджээ. Удалгүй тэд Ротаругаас салан Валерий Леонтьев, Кристина Орбакайте нарын тоглолтод оролцсоноор эстрадын одод тэднийг дараалан урих болсон. Тэр үеийн бараг бүх дуучдын тоглолтод Алла залуустайгаа оролцож байв. Агуу Алла Пугачёвагийн шинэ жилийн концертод ч гарч, нэг үгээр хэлэхэд эстрадын од болсон байлаа. Арван жилийнхээ ойгоор “Тодес” “Бенефис. Нам 15” концерт тоглосон нь балетийн тухай нийтийн ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. Москвад анх удаагаа дуучингүй дангаар тогложээ. Дамын наймаачид тасалбарыг нь  арав дахин үнэтэй зарж байсан нь тэдний тоглолт хэр амжилттай болсныг баталдаг.

    1999 онд Алла “Тодес” стилийн бүжиг заах анхны сургуулиа байгуулах шийдвэр гаргав. Радиогийн нэвтрүүлэгт орохдоо Духова сургууль нээж байгаагаа зарласны маргааш нь л 70 хүүхэд бүртгүүлсэн байлаа. Удалгүй 170, 200 гээд л нэмэгдэж эхэллээ. Яалт ч байхгүй салбар нээсээр нэг мэдэхэд Орост 10, гадаадад хэд хэдэн сургууль нээчихсэн байлаа. “Тодес”-ийн гол зорилгын нэг бол шинэ авьяастан илрүүлэх. Тийм болохоор шинэ залуу бүжигчид тэдэнд л ханддаг. Одоо байгаа 150 гишүүнээс 80 хувь нь энэ сургуулийг төгссөн хүмүүс. “Тодес”-ийн бүхэл бүтэн үе өсөж хүмүүжсэн гэж хэлэхэд болно. Арван жилийн өмнө бүртгүүлэх гээд зогсож байсан хүүхдүүд одоо Токио, Нью-Йорк, Москвагийн тайзан дээр гялалзаж байна. Орчин үеийн балетийн бараг бүх од энэ сургуулийг төгссөн гээд бодоод үз. “Тодес”-ийн сургуульд ороход маш хэцүү. 2007 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Тодес” одоо хэдийнэ насанд хүрсэн хамтлаг болжээ. Энэ хугацаанд тэд 12 бүжгэн жүжиг найруулан тавьсан. Жүжиг болгонд “Тодес”-оос өөр хаана ч гаргаж чадахгүй элемэнтүүд багтсан байдаг. Жүжиг болгон өөрийн сүлд дуутай. Таван жилийн өмнө Алла ганцаараа бараг бүх ажлаа хийдэг байсан бол одоо түүнд авьяаслаг бүжигчин багш нар тусалж байна. Игорь Наумов, Андрей Брыканов,Вячеслав Игнатьев,Юлия Филлипова(Бугакова),Денис Бугаков,Юлия Галкина,Владимир Шульц,Оксана Беликова,Игорь Соляник,Тимур Лебедев,Тёма Ковальчук,Рафаэль Гусейнов гээд дурдаад байвал барагдахгүй. “Тодес” байгуулагдаад 22 жил өнгөрсөн ч анх эхэлж байсан үе шигээ л үзэгчид ихтэй. Америк, Европ, Орос, Ази гээд хаана л бол хаана хүмүүс тэдний орчин үеийн балетийг үзэхээр цуглаж байна.

    Одоогийн байдлаар тэд маш олон төсөлд оролцож байна. Хамтлагийн нэг хэсэг нь гадаадад алдартай жүжигчдийн шоунд оролцон дэлхийг тойрж байгаа бол нөгөө хэсэг нь эх орондоо хүүхдийн жүжиг тавьж байна. Сүүлийн үед “Тодес”-ийн Вант улсад бүжгийн хувцас, гоо сайхны газар гэсэн хоёр салбар шинээр нээгдээд байгаа. “Тодес”-ийн гоо сайхны газарт залуу авьяаслаг мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд шоу ертөнцийн бүх салбарт ажиллах чадвартай. Анх бүжигчид л гоо сайхны салонд ордог байсан бол 2007 оноос нийтэд үйлчлэх болжээ. “Тодес” маркийн бүжгийн хувцсыг цөөн хувиар зөвхөн гар аргаар хийдэг. Үнэтэй даавуу, үзэсгэлэнт загвараар нь энэ хувцсыг хялбархан таньж болно. Хувцсыг “Тодес” дэлгүүрт юм уу интернетээр л авч болдог.

    “Би бодож санаснаа хэрэгжүүлж чадсандаа төдийгүй “Тодес”-ийн залуу үеийг бэлтгэж чадсандаа аз жаргалтай байдаг. Арван жилийн өмнө тоглоод гүйж явсан хүүхдүүд маань одоо ажил хэрэгч залуус болон хувирсан байна. Тэд бидний хийснийг үргэлжүүлэн хойч үедээ дамжуулах болно” гэж Алла Духова хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

    Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж