Нотлох баримтгүй хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Нотлох баримтгүй хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна

Гэм зэмгүй олон мянган иргэд үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарал, нийгмийн байдал, өмч хөрөнгөнөөсөө хамааран ангийн дайсан, хувьсгалын эсэргүү, харь улсын тагнуул, намын эсрэг бүлэг гэгдэн ад үзэгдэж, ялгаварлан гадуурхагдаж, хилс хэргийн золиос болж, оюун санаагаар хохирч, ажил амьдралаа сүйтгүүлэн, улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж, амь насаа алдаж, шорон гянданд хоригдож, ажил, албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдан, газар нутаг заагдаж, хуулийн байгууллагын хараа хяналтын доор хугацаагүйгээр цөлөгдөж байсан нь ороо бусгаа он цагийн түүхийн бодит зүйл билээ  гэдгийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд  онцлон тэмдэглэв.

Тэрээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын Комисс байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг нээж энэхүү үг хэлэхдээ, улс төрийн хэлмэгдүүлэлт гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар  нэгдсэн нэг ойлголт, дүгнэлтэд хүрэх нь чухал байгааг цохон хэллээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн бага хурал дээр тавьсан илтгэлдээ, Комиссын 20 жилийн үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтод анхаарлаа хандууллаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс эхэлсэн. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд хилс хэрэгт хэлмэгдсэн нь хуулийн байгууллагуудаар тогтоогдсон 30 гаруй мянган иргэний нэр төр нь сэргээгдэж цагаатгагджээ. Тэдгээрийн 25,5 мянга нь Улсын Комисс байгуулагдсанаас хойшхи 20 жилд цагаатгагдсан байна. Цагаатгах ажил хараахан дуусаагүй үргэлжилсээр байгааг тэрээр илтгэлдээ дурьдаад бүрэн бус мэдээгээр, улс төрийн хэрэгт шийтгүүлэгсэдтэй холбоотой 5 мянга орчим хэрэг шалгагдаагүй үлдсэн, мөн баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн гэх боловч хэрэг материалгүй, нотлох баримт хангалтгүй буюу огт байхгүйгээс шалтгаалан хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  Үүнд гол бэрхшээл оршиж байгаа бөгөөд гарах гарцыг зөв сонгож олох шаардлагатай байгаа тухай тэрээр цохон хэлэв.

Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн цаашид хийх ажлынхаа талаар илтгэхдээ, Одоо үзэж шалгаж амжаагүй байгаа хэргүүдийг богино хугацаанд шалгаж бүрэн дуусгах, улс төрийн хэргээр баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн гэх боловч хэрэг материалгүй, сураггүй болсон иргэдийн талаар дахин нарийвчлан шалгах ажлыг хийж, нотлох баримт хомс, огт байхгүй, улмаар цагаатгах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүйг нь цаашид хэрхэх талаар холбогдох газрууд санал дүгнэлтээ гаргаж, төрийн дээд түвшинд уламжилж шийдвэр гаргуулах, хуучин ЗХУ-д баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөж шийтгүүлсэн монгол иргэдтэй холбоотой хэрэг материалыг ОХУ-ын холбогдох архивуудаас  богино хугацаанд авах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд үзүүлэх нийгмийн халамжийн зарим асуудлыг шийдвэрлүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэв.

Бага хурал дээр  Комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн захирал Ч.Дашдаваа  улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх судалгааны ажлын үр дүн, ойрын үед тавих зорилтын талаар тавьсан илтгэлдээ,  хэлмэгдэгсдийн намтар, үйл ажиллагааг судлах ажлаа цаашид үргэлжлүүлэхийн сацуу хүүрнэн тоочих байдлаар өгүүлж ирсэн өмнөх бичлэгийн арга барилд шүүмжлэлтэй хандаад ХХ зууны үеийн Монгол оронд гарсан хэлмэгдүүлэлтийн асуудлаар суурь шинжтэй судалгааны бүтээл туурвихад  Судалгааны төвийн цаашдын үйл ажиллагааг бүхэлд нь чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж